SPIEF 2026: Забайкаль болон Монголын талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ
Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын (SPIEF) хүрээнд Забайкалийн хязгаарын Төлөвлөлт, хөгжлийн сайд Виталий Эксузян болон Забайкалийн хөгжлийн корпорацын удирдагч Денис Стрыгин нар Монгол Улсын төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийлээ.
Талууд худалдааны харилцааг хөгжүүлэх олон талт асуудлыг хэлэлцсэний дотор хоёр бүс нутгийн тээврийн холболтыг хялбарчлах үүднээс Чита — Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэх боломжийг онцлон ярилцав.
Мөн уулзалтаар худалдаа, эдийн засгийн түншлэлийг өргөжүүлэх асуудлуудыг хөндсөн байна. Учир нь 2026 оны 7-р сарын 22-ны өдрөөс эхлэн Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭХ) болон Монгол Улс хоорондын Түр хугацааны худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.
Забайкалийн хязгаарын Төлөвлөлт, хөгжлийн сайд Виталий Эксузян хэлэхдээ: “Забайкаль нь Монгол Улстай хил залгаа оршдог тул Монгол болон Забайкалийн зах зээлд эрэлттэй байгаа бараа бүтээгдэхүүнийг богино хугацаанд тодорхойлж, логистикийн маршрутыг яаралтай зохион байгуулахыг нэн тэргүүний зорилт гэж үзэж байна” хэмээн тэмдэглэв.
Сануулахад, 2025 оны 6-р сард Минск хотноо болсон Евразийн дээд эдийн засгийн зөвлөлийн хурлын үеэр ЕАЭХ болон Монгол Улсын хооронд Түр хугацааны худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Тус хэлэлцээр нь талуудын худалдааны харилцаанд шинэ үе шатыг эхлүүлсэн бөгөөд баримт бичиг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тал ту бүрийн 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх эсвэл бууруулахаар тусгасан байна.
Эх сурвалж: Забайкалийн хязгаарын Төлөвлөлтийн яамны хэвлэлийн алба