22:57
05.12.2024
Пүрэв
Илон Маскийн “сансрын” интернэт Монголд орж ирвэл юу болох бол?

Удаан хугацааны яриа хэлцлийн эцэст АНУ-ын тэрбумтан Илон Маскийн Starlink Services төсөл Монголын Харилцаа, холбооны зохицуулах хорооноос нам орбитын хиймэл дагуулыг ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлэх хоёр тусгай зөвшөөрлийг авч чадлаа. Монголын холбогдох албан тушаалтнуудын мэдэгдэж байгаагаар ингэснээр алслагдмал газар нутгийн иргэд дэлхийн сүлжээнд холбогдож чадах юм.

Гэхдээ энэ асуудал хоёр талтай. Бүх зүйлийг дэс дараатай ярья.

Starlink төсөл

Өнөөдрийн байдлаар “сансрын” интернэт төсөл дэлхийн 20 гаруй улс оронд хэрэгжиж байна. Илон Маскийн хэлснээр түүний компани Starlink үйлчилгээг 200 мянган терминалаар дамжуулан интернэт үйлчилгээ үзүүлж байна. Starlink нь Илон Маскийн SpaceX компанийн 2015 оноос хэрэгжүүлж буй төсөл юм.

“Энэхүү төслийн зорилго нь антен ашиглахгүйгээр хиймэл дагуулаар дамжуулан интернэтийн глобал сүлжээ үүсгэх, ингэснээр дэлхийн аль ч цэгт байгаа хэрэглэгч өндөр хурдны интернэтийн үйлчилгээ авах боломжтой болох төсөл юм” хэмээн Маск өөрийн сошиал хаягтаа бичсэн.

Энэ зорилгоор компани сансрын орбит руу 30 мянга гаруй хиймэл дагуул хөөргөх бөгөөд эдгээр нь секундэд дунджаар гигабит хүртэл хурдтай интернэтийн урсгалыг түгээнэ.

iphones.ru сайтад мэдээлснээр хиймэл дагуулууд дэлхийг тойрон сүлжээ үүсгэнэ. Хиймэл дагуул болгон лазерийн системтэй, ионийн хөдөлгүүртэй, фазын тор бүхий антентай. Антен нь дэлхий рүү дохио илгээнэ. Лазерийн тусламжтайгаар хиймэл дагуул нь зэргэлдээх 4 аппараттайгаа мэдээллээ солилцох боломжтой. Starlink-ийн нэг хиймэл дагуулын хүндийн жин ердөө 260 кг. Хиймэл дагуулуудыг сансрын орбит руу SpaceX компанийн пуужингууд гаргана. Нэг пуужинд 60 хүртэл ширхэг төхөөрөмж буюу хиймэл дагуул багтах боломжтой. Эрчим хүчээр цэнэглэх шаардлагагүй, хиймэл дагуулд суулгасан нарны зайн тусламжтайгаар тэжээгдэнэ.

Нэг хиймэл дагуулын ашиглалтын хугацаа 5 жил. Ашиглалтын хугацаа дуусахад төхөөрөмж өөрөө орбитоос гарч явна. Нэг хиймэл дагуул 4К хүртэл багтаамжтай видео хэрэглэж байгаа 1100 хэрэглэгчийг нэг дор интернэтээр хангах хүчин чадалтай.

“Сансрын” интернэтийн Starlink төсөл дэлхийн 20 гаруй оронд хэрэгжиж байна. Тухайлбал, АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Австри, Нидерланд, Ирланд, Бельги, Швейцар, Дани, Португали, Австрали болон Шинэ Зеландад хэрэгжиж байна. Харин одоо энэ төсөл Монголд орж ирлээ.
Интернэт үү, тагнуулын сүлжээ юу?

Starlink төслийг Пентагон 2020 оноос сонирхож эхэлсэн бөгөөд Маскийн энэхүү сүлжээгээр дамжуулан цэрэг, батлан хамгаалахын байгууллагууд руугаа мэдээлэл дамжуулан судалж эхэлжээ. Пентагоны энэ алхам сансар судлалын болон интернэт технологийн шинжээчдийг болгоомжлоход хүргэсэн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Starlink системийг ашиглахын аюул нь юунд оршиж байна вэ гэхээр, Монголоор жишээлэн авч үзэхэд дамжуулж байгаа мэдээлэл үндэсний провайдоруудыг алгасан Вашингтон дахь удирдлагын төв рүү шууд дамжигдах магадлалтай. АНУ дэлхийг хамарсан тагнуулын сүлжээ үүсгэхээр зорьж буй энэ үед Монголын газар нутаг хиймэл дагуулын интернэтийн сүлжээгээр бүрэн бүрхэгдсэний дараа Вашингтон сүлжээний урсгалын багагүй хэсгийг хяналтандаа оруулах магадлалтай.

Мөн өөр нэг зүйл байна. Монголын холбогдох байгууллагууд өмнө нь хиймэл дагуулын Starlink сүлжээг бүрэн ашиглахыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Монголын Харилцаа, холбооны зохицуулах хорооноос баталсан Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэлийн 3.2-т ”Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээг зөвхөн дамжуулах сүлжээг зохион байгуулахад ашиглана” гэж заасан. Энэ нь зөвхөн дамжуулахаас биш ашиглана гэсэн үг биш.

Гэсэн ч одоо байдал өөрчлөгдсөн. Энэ нь Монголын холбогдох албан тушаалтнууд SpaceX компанийн менежерүүдтэй олонд зарлалгүйгээр хэлэлцээ хийж, удаан хугацааны турш бэлдэж ирсэн гэсэн таамгыг хийхэд хүргэж байна.

Хятадын асуудал Starlink төсөл Монголд хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан бас нэг чухал хүчин зүйлийн тухай дурдахгүй өнгөрч болохгүй, энэ нь үүнд хөрш Хятадын тал хэрхэн хандах вэ гэдэг асуудал. Зарим шинжээчийн үзэж байгаагаар энэ асуудал Бээжинтэй харилцах харилцааг муутгаж магадгүй.
Reuters агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын цэргийн мэргэжилтнүүд Starlink-ийн хиймэл дагуулыг ажиллагаанаас гарган, устгахад суралцаж байна. Ийм маягаар Бээжин Тайванийн эсрэг хийх цэргийн сөргөлдөөндөө бэлдэхийг зорьж байна.

“Монгол Улс Илон Маскийн хиймэл дагуулуудыг ашиглаж эхэлснээр энэ зөрчилтэй үед Бээжингийн Тайваньтай хийх сөргөлдөөнд тодорхой үүрэг гүйцэтгэх магадлалтай. Эдгээр хиймэл дагуул нь хоёр зорилготой байж болно, шаардлагатай үед цэрэг, батлан хамгаалахын үүрэг гүйцэтгэнэ гэдгийг БНХАУ ч сайн мэдэж байгаа” хэмээн Reuters онцолжээ.

Эцэст нь Илон Маск бол бизнес эрхлэгч гэдгийг мартаж болохгүй. Түүний хувьд хамгийн чухал нь бизнесээ өргөтгөж, ашиг олох явдал. Ийм том тоглогч танай газар нутагт орж ирээд эхлээд зах зээлийг хямд үнээр эзэгнэн, жижиг өрсөлдөгчдийг зайлуулна, дараа нь өөрийнх нь хүссэнээр байхгүй бол санхүүгийн нөхцөлөө тулгана. Ямар ч хувийн асуудал байхгүй, зөвхөн бизнес гэж ярьдаг биз дээ.

Та энэ талаар юу гэж бодож байна?

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.