23:01
05.12.2024
Пүрэв
Илон Маскийн Starlink Монголыг сансрын Трояны морь болгох нь бололтой

Илон Маскийн Starlink Монголыг сансрын Трояны морь болгох нь бололтой. Гэхдээ энэ удаад харанхуй шөнөөр дотроос данайн шилдэг дайчид гарч ирдэг модон морины үүргийг дэлхийн эргэн тойронд байгаа хэдэн мянган хиймэл дагуул гүйцэтгэх нь.

Тэнгэрийн түлхүүр

Энэ оны долдугаар сарын 8-нд “Дорнын цаг” (“Восточное время”) суваг Америкийн тэрбумтан Илон Маскийн Starlink Services төсөл дорно зүг рүү хүрээгээ тэлэхээр зэхэж байгаа тухай мэдээлсэн. Товчхон хэлэхэд, Илон Маск монголчуудад татгалзахын аргагүй санал тавьсан. Хариуд нь Starlink Монголын Харилцаа, холбооны зохицуулах хорооноос нам орбитын хиймэл дагуул ашиглан үйлчилгээ үзүүлэх эрхийг олгосон хоёр тусгай зөвшөөрлийг авсан билээ. Энэ үйлдэл ямар ч асуудалгүй мэт харагдаж байгаа. Илон бизнесээ тэлж, Монголын тал хамгийн алслагдсан цэгт байгаа иргэдээ интернэтийн үйлчилгээгээр хангах боломжтой болж байгаа. Гэвч асуудал тийм ч энгийн биш.

Хүсвэл залгана, хүсвэл салгана

Украинд байршуулсан Starlink-ийн төхөөрөмжүүд яг ийм зарчмаар ажилладаг хэмээн цэргийн шинжээчид хэлж байна. Дэлхийн ойролцоох нам орбитод “өлгөөтэй” байгаа хиймэл дагуулуудтай холбогдож байгаа нүдэнд үл харагдах утасны үзүүрээс Илон атгаж суугаа. Украины цэргийнхний хэлж байгаагаар цэргийн ажиллагааны үеэр Илон Маск хэд хэдэн удаа Starlink-ийн холболтыг салгасан. Крымын хавьцаа нэг удаа хиймэл дагуултай холбохоос бүүр татгалзаж байжээ.

Үүний хариуд Украины тал хиймэл дагуулын интернэт үйлчилгээ үзүүлдэг өөр компанитай холбогдож, хэлэлцээ хийхийг оролдсон байна, учир нь, тэд Илон Маскаас дэндүү хамааралтай болсон байсан. Гэсэн ч бусад компанийн аль ч төхөөрөмж Starlink-тэй өрсөлдөж чадахгүй гэдгийг украинчууд хүлээн зөвшөөрсөн. Технологийн энэ давуу байдал нь Украиныг оросуудын өмнө илүүрхэх боломжийг олгосон юм. Цэргийн шинжээчдийн хэлж байгаагаар байг олж тогтоон, устгах хүртэлх хугацаа 20 минутаас 1 минут болон богиноссон байна.

АНУ тусламжийн гараа сунгалаа

Украинд ашиглаж байгаа Starlink-ийн төхөөрөмжийн байг онилох чадварыг олж харахгүй байхын аргагүй. Гэсэн ч аль өнгөрсөн намраас Орос-Украины зөрчлийн талаар нэг биш удаа илэрхийлсэн Илон Маскийн байр суурь хаалт босгож байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сард тухайн үед АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга байсан хатагтай Нэнси Пелоси болон бусад өндөр албан тушаалтнууд оролцсон нэгэн арга хэмжээн дээр Илон Маск Орос-Украины зөрчлийг энх тайвны аргаар шийдэх төлөвлөгөө танилцуулсан бөгөөд энэ төлөвлөгөөнд Украины газар нутгийг Орос өөртөө нэгтгэх авах асуудал багтсан байсан юм. Мөн өнгөрсөн жил Хар тэнгис дэх Оросын цэргийн хөлгүүд рүү нисгэгчгүй төхөөрөмжөөр цохилт өгөхдөө Starlink-ийн төхөөрөмжийг ашиглах Украины хүсэлтэд Илон татгалзаж байсан билээ. Украины Батлан хамгаалах хүчнийхэн Илон Маскийн энэ үйлдлийг одоо ч сануулсаар байдаг. Илон Маск тухайн үед түүний компанийн технологи нь нисгэгчгүй төхөөрөмжөөр холын зайг онилоход ашиглах боломжгүй хэмээн мэдэгдэж байсан билээ.

Гэхдээ өөр арга замыг олж чадсан. Энэ оны зургадугаар сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Starlink-ийн 400-500 терминал төхөөрөмжийг, үйлчилгээний хамт худалдан авах наймааг дэмжсэн. Энэхүү гэрээний нарийн ширийнийг мэддэг хоёр албан тушаалтны яриагаар эдгээр төхөөрөмжийн хяналтыг Пентагон хариуцах юм. Ингэснээр эдгээр төхөөрөмж “тодорхой зорилгын чухал үүргийг” гүйцэтгэх боломжтой болж байгаа ажээ. Харин одоо “тодорхой зорилгын чухал үүргийг” хаана гүйцэтгэхийг таагаад үзээрэй. Цэргийн шинжээчдийн тэмдэглэж байгаагаар “Эдгээр төхөөрөмж Украинд нууц ажиллагаа гүйцэтгэхэд ашиглагдах бөгөөд тэрбумтан Илон Маскийн гэнэтийн аашнаас болж төхөөрөмж ажиллахгүй гэдгээс айх хэрэггүй” болж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Киев Starlink-ийн 42 мянган терминалийг эзэмшиж байгаа бөгөөд тэдний дийлэнх нь цэргийн зорилгоор ашиглагдаж байна. Энэхүү цэргийн зорилгын хүрээнд мэдээлэл дамжуулах, байг мөрдөх, байг илрүүлэх, цэргийн ажиллагаанд оруулах зэрэг үүрэг багтаж байна.

Хоёрдмол зорилготой хиймэл дагуул

Одоо бүгдээрээ Украины өргөн талаас Монголын зах хязгааргүй тал руу шилжье. Учир нь, Монголын энэ их тал дээгүүр тун удахгүй Starlink-ийн сүлжээ хэрэгдэнэ. Илон Маскийн тодорхойлсноор “энэ бол цэвэр энх тайвны зорилготой, Монголын ард түмэнд хиймэл дагуулын чанартай сайн холболтоор интернэтийн үйлчилгээ авах боломжийг олгох юм”.

Зарим шинжээчийн үзэж байгаагаар Starlink-ийн үйлчилгээг Монголд оруулснаар Хятад-Монголын харилцааг муутгах магадлалтай. Reuters агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын цэргийн мэргэжилтнүүд Starlink-ийн хиймэл дагуулыг ажиллагаанаас гаргах, устгахад суралцаж байна. Ийм маягаар Бээжин Тайванийн эсрэг хийх цэргийн сөргөлдөөндөө бэлдэхийг зорьж байна.

“Монгол Улс Илон Маскийн хиймэл дагуулуудыг ашиглаж эхэлснээр энэ эгзэгтэй үед Бээжингийн Тайваньтай хийх сөргөлдөөнд тодорхой үүрэг гүйцэтгэх магадлалтай. Эдгээр хиймэл дагуул нь хоёр зорилготой байж болно, шаардлагатай үед цэрэг, батлан хамгаалахын үүрэг гүйцэтгэнэ гэдгийг БНХАУ ч сайн мэдэж байгаа” хэмээн Reuters онцолжээ.

Нөгөө л 500 киломерт

Энэ бүх үйл явдлын өнгөн дээр Монгол, Орос хоёр улс 3,500 километр урт хуурай газраар хиллэдэг гэдгийг мартах хэрэггүй, магадгүй бүүр зайлшгүй санах хэрэгтэй. Хэрвээ хүсвэл Пентагон хүссэн цагтаа Starlink-ийн хиймэл дагуулуудыг зөвхөн энх тайвны биш өөр зорилгоор ч ашиглаж эхэлнэ гэдгийг Украины жишээ харуулж байна. Тухайлбал, хил орчмын бүс нутагт утасны яриа чагнах, сошиал сүлжээ, мессенжерийн мэдээллүүдийг татан авч анализ хийх боломжтой.

Эсвэл бүүр энгийнээр нисгэгчгүй төхөөрөмж ашиглан Оросын цэргийн болон энгийн объектуудыг тандах боломжтой. Украины хилээс дроны халдлагад өртсөн Москва-Сити хүртэлх зай Монголын хилээс Чита хүртэлх зайг харьцуулаад үзээрэй. Нөгөө л 500 километр шүү дээ.

Монголын тэнгэрт дэлгэгдэх Илон Маскийн сансрын Трояны морь ямархуу аюул тээж байгааг таахад ядах юмгүй байгааг энэ бүхнээс харж болно. Тэр бүү хэл эдгээр төхөөрөмж хэзээ ч хамаагүй Пентагоны гарт орж болзошгүй нөхцөл байдлыг бодолцох хэрэгтэй.

Манай эрхэм хэрэглэгч та энэ талаар юу бодож байна вэ? Таны санал, сэтгэгдлийг хүлээж байна.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.