16:53
06.06.2026
Бямба
Глобал Шейперс нийгэмлэгийн Хойд Азийн бүсийн чуулга чулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна

Дэлхийн Эдийн засгийн форумын дэргэдэх Глобал Шейперс нийгэмлэгийн Улаанбаатар хот дахь салбар болох Global Shapers Ulaanbaatar Hub 6 дугаар сарын 5-7-нд Улаанбаатар хотноо Глобал Шейперс нийгэмлэгийн Хойд Азийн бүсийн чуулга чулзалтыг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд Австрали, БНХАУ, Япон, БНСУ, АНУ зэрэг улсын 80 гаруй залуу манлайлагчид оролцож, “Ирээдүйн төлөөх үе хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд тогтвортой хөгжил, хот байгуулалт, иргэний оролцоо болон залуучуудын манлайллын талаар туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Global Shapers Ulaanbaatar Hub-ийн 2025-2026 оны Куратор Б.Энхжин, “Энэ удаагийн Хойд Азийн бүсийн цугларалтыг Монгол Улсад зохион байгуулах хариуцлагатай ажлыг манай нийгэмлэгийн залуус хүлээн авсан. Бид оролцогчдод зөвхөн хэлэлцүүлэг өрнүүлэх бус, Монголын өв соёл, уламжлал, иргэний нийгмийн санаачилгуудтай танилцах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Хүрэлцэн ирсэн зочид маань Монгол дахь ирээдүйн хамтрагчидтайгаа холбогдож, шинэ санаачлага, хамтын ажиллагааны эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Глобал Шейперс нийгэмлэг

Дэлхийн Эдийн засгийн форум (World Economic Forum) нь 1971 онд профессор Клаус Швабын санаачилгаар байгуулагдсан олон улсын байгууллага бөгөөд жил бүр Швейцарын Давос хотноо дэлхийн улс төр, бизнес, шинжлэх ухаан, иргэний нийгэм болон урлагийн салбарын төлөөллийг нэгтгэн дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудын шийдлийг эрэлхийлдэг. Тэгвэл Глобал Шейперс нийгэмлэг нь Дэлхийн Эдийн засгийн форумын дэргэдэх 18-30 насны залуу манлайлагчдын олон улсын нийгэмлэг юм. Өнөөдөр тус нийгэмлэг:

  • 11,520 гаруй гишүүнтэй
  • 508 салбар нийгэмлэгтэй (хотуудад)
  • 155 улс, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна.

Гишүүд нь өөрсдийн хот, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл, санаачилгуудыг хэрэгжүүлж, орон нутгийн түвшний өөрчлөлтийг бий болгохоор ажилладаг.

Global Shapers Ulaanbaatar Hub

Global Shapers Ulaanbaatar Hub нь 2012 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр төрөл бүрийн салбарын 30 орчим идэвхтэй залуу манлайлагчдыг нэгтгэн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн гишүүд:

  • Улаанбаатар Төгөл төсөл
  • Би ба бодол төсөл
  • Амин Хариуцлага төсөл
  • Бүтээлч Өглөө хөтөлбөр
  • Цус хандивлах аян
  • Залуу мэргэжилтнүүдийн менторшип хөтөлбөр зэрэг олон нийтийн сайн сайхны төлөөх төсөл, санаачилгуудыг хэрэгжүүлж байна.
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.