16:51
06.06.2026
Бямба
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
06.06.26 13:20
Дулааны тавдугаар цахилгаан станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн 26.4 га талбайд барихаар төлөвлөжээ.

Төсөл хэрэгжүүлэх байршлыг сонгохдоо дэд бүтцийн бэлэн байдал, эрчим хүчний хэрэглээний төвлөрөл, газар ашиглалтын боломж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. ДЦС-2-ын үнсэн сангийн талбай нь төвийн эрчим хүчний системтэй шууд холбогдох дэд бүтцээр хангасан нь шинэ станцыг цахилгаан, дулааны сүлжээнд холбох зардал, барих хугацааг бууруулах юм.

Мөн шинээр их хэмжээний газар чөлөөлөх, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага харьцангуй бага байгаа нь төслийн давуу тал болж байна. Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 65 жил хуримтлагдсан үнсийг зөөх ажил дүгээр сараас эхэлжээ.

Төслийн нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 25 нэгж талбарын газрыг чөлөөлөөд байна. Төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийжээ. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. ДЦС-5 нийслэлийн баруун бүсийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах стратегийн ач холбогдолтой байршилд байрлах юм.

Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн ам, орон сууцны эрчимтэй нэмэгдэж буй бүсийн дулаан, цахилгааны хэрэгцээ жилээс жилд өссөөр байна.

Шинэ станц эдгээр бүсийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Дулааны тавдугаар цахилгаан станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Станц 2028 онд ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэх юм.

Ингэснээр төвийн эрчим хүчний системд тулгараад буй хүчин чадлын дутагдлыг бууруулах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах нөхцөл бүрдэж буй талаар НЗДТГ-аас мэдээлэв.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.