13:53
16.06.2026
Мягмар
Тост, Тосон бумбын нуруу ЮНЕСКО-гийн Дэлхийн биосферийн нөөц газраар бүртгэгдлээ
16.06.26 10:37

Монгол Улсын Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн Дэлхийн биосферийн нөөц газруудын сүлжээнд бүртгэгдлээ. Энэхүү шийдвэрийг Парагвай улсын Эрнандариас хотноо зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн “Хүн ба биосферийн нөөц газар” хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар чуулганаар хэлэлцэн баталсан байна.

Яамны мэдээлснээр, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газар тус жагсаалтад орсноор Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн биосферийн нөөц газруудын сүлжээнд бүртгэлтэй нийт 13 газартай болж байна.

Монгол орны өмнөд бүс, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газар нь 896 540.37 гектар талбайг хамардаг. Тус бүс нутаг нь Монголын Говийн экосистемийн биологийн олон янз байдлыг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад онцгой ач холбогдолтой болохыг салбарын яамнаас онцоллоо.

Тус нөөц газар нь хадан хясаат уулс, хуурай сайр, баянбүрд, булаг шанд зэрэг байгалийн өвөрмөц тогтоц, амьдрах орчныг бүрдүүлдэг байна. Мөн энэ бүс нь дэлхийд нэн ховордож, устах аюулд ороод буй цоохор ирвэсийн хамгийн чухал байршил нутагт тооцогддог юм.

Эх сурвалж: MongolianNews

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.