19:29
15.06.2026
Даваа
ОХУ энэ жил интернэтэд тавих хяналтаа чангатгасан
15.06.26 9:48

Зургийн эх сурвалж: ABC News

ОХУ энэ жил интернэтэд тавих хяналтаа чангатгасан. Үүний улмаас оросууд “WhatsApp”, “Telegram”, “Instagram” аппликейшнуудад тавьсан хязгаарлалтыг тойрон гарахын тулд илүү нарийн арга хэрэглэх болжээ.

Дайн эхэлснээс хойш Кремль ОХУ-д интернэтэд тавих хяналт, хязгаарлалтаа чангатгасан. Энэ жилээс хэрэгжүүлж буй хязгаарлалтууд нь Владимир Путин ерөнхийлөгч болсноос хойш үзэгдсэн хамгийн чанга арга хэмжээнүүдийн нэг гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ жилийн есдүгээр сард ОХУ-ын парламентын сонгууль болох юм. Сонгуулийн жил эрх баригчдын хэрэгжүүлж эхэлсэн интернэтийг хязгаарлах арга хэмжээ нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа талаар нөлөө бүхий блоггерууд болон бизнесийн удирдагчид мэдэгдэж байна. Улс төрийн талаар ярихаас зайлсхийдэг зарим нөлөөлөгчид хүртэл хязгаарлалтыг шүүмжилжээ.

Интернэтийн хориг,  үнийн өсөлт, татварын нэмэгдэл болон дайнаас залхах байдал Путиний нэр хүнд буурахад нөлөөлсөн байна. Иргэд дунд санал асуулга явуулдаг төрийн өмчит “ВЦИОМ” агентлаг мэдээллээр Путиний рейтинг хоёрдугаар срад 75.1 хувь байсан аж. Харин дөрөвдүгээр сард 65.6 хувь болж буурсан нь 2022 онд Украины дайн эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт юм. Одоогийн байдлаар түүний рейтинг 67 хувьтай байна.

Оросын эрх баригчид цахим бүрэн эрхт байдал гэж нэрлээд буй зүйлийг бий болгох зорилгоор гадаад аппликейшн, вэбсайтын оронд засгийн газрын дэмждэг хувилбарууд ашиглахыг уриалах болжээ. Гэвч Кремлийг шүүмжлэгчид болон барууны зарим технологийн компаниуд тэдгээр аппликейшныг хараа хяналтын зорилгоор ашиглаж болзошгүйг анхааруулж байгаа юм.

41 настай интерьер дизайнер Ирина МАКС нэртэй мессеж бичдэг аппликейшныг өөр утас дээр суулгаж хэрэглэх нь арай аюулгүй санагддаг гэжээ. Тус аппликейшныг хэрэглэхийг Кремль иргэддээ уриалдаг юм. Ирина “Мэдээж хоёр утас ашиглах нь маш их төвөгтэй, залхмаар. Гэхдээ бид өөр яах юм бэ” гэсэн байна.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Гэхдээ хүн аажмаар дасчихдаг. Өдөржин VPN-ээ асааж унтраана, янз бүрийн мессенжерийн хооронд шилжинэ, хэрэгтэй апп, сайтаа ашиглахын тулд байршлаа өөрчилж, утсаа сольж хэрэглэдэг” гэжээ.

“Коммерсант” сонин мэдээлснээр гуравдугаар сард “Google Play” дээрх хамгийн түгээмэл таван VPN-ийг ОХУ-д 9.2 сая удаа татаж авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 14 дахин өссөн үзүүлэлт юм.

Португалд амьдардаг интернэтийн эрх чөлөөний төлөө тэмцэгч орос идэвхтэн Саркис Дарбинян “VPN хэрэглээ ийм хэмжээгээр өсөхийг урьд өмнө нь харж байгаагүй” гэж хэлжээ. Москва Дарбиняныг ОХУ-ын эсрэг үйл ажиллагаанд оролцдог гэж үзэж гадаадын агентуудын жагсаалтдаа нэмсэн байна.

ОХУ-ын эрх баригчид интернэт хязгаарлаж буй нь барууны орнуудтай хийж буй оршихуйн тэмцлийн нэг хэсэг гэж тайлбарладаг. Харин Путин дөрөвдүгээр сард засгийн газартаа хязгаарлалтаа зөөлрүүлэх чиглэл өгч, зөвхөн хоригт анхаарлаа төвлөрүүлэх нь үр дүнгүй гэжээ.

Эх сурвалж: Reuters

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.