18:51
30.10.2026
Баасан
Олешки хотод хүмүүнлэгийн ажиллагаа явуулахад бэлэн болжээ

Оросын цэргүүдийн хяналтад байгаа Украины өмнөд нутгийн Олешки хотын ойр орчмын зам талбайг минагүйжүүлэх ажиллагаа дуусаж, тусламж хүргэх, оршин суугчдыг хотоос гаргах хүмүүнлэгийн ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсныг ОХУ, Украины талууд пүрэв гарагт мэдэгджээ.

Оросын цэргүүд 2022 оны хоёрдугаар сард Украин руу халдан довтолсны дараахан эзлэгдэж, хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байгаа тус хотын оршин суугчдад тусламж хүргэх ажиллагааг зохион байгуулах ажил хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн байна.

Олешки хотоос гарч чадсан нэгэн оршин суугч тэнд үлдсэн хүмүүс өлсгөлөнгөөр амиа алдах вий гэж эмээцгээж байгаа хэмээн ярьсан байна. Хоёр тал хоёул тус хотод гал зогсоох тохиролцоонд хүрэхэд дэмжлэг үзүүлсэн АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампад талархал илэрхийлжээ.

Гэвч дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайны нөхцөлд хүмүүнлэгийн тусламж хүргэх тохиролцоо найдвар төрүүлсэн хэдий ч Украины хотуудад дараалан цохилт өгсөн байна. Тухайлбал, Украины зүүн өмнөд нутгийн Днепр хотын төв галт тэрэгний буудалд цохилт өгсний улмаас 14 хүн амиа алджээ. Гал зогсоох тохиролцоо Днепр мөрний нөгөө эрэгт, Украины хяналтад байгаа Херсон хотын эсрэг талд орших Олешки хотын орчимд л үйлчилж байна.

“Олешки хотод хүмүүнлэгийн ажиллагаа явуулах газруудыг минагүйжүүлэх ажиллагаа дууслаа” гэж ОХУ-ын Хүний эрхийн комиссар Яна Лантратова болон Украины Хүний эрхийн комиссар Дмитрий Лубинец нар мэдэгдэлдээ дурджээ. “Хүмүүнлэгийн тусламжийн цуваа хөдлөхөд бэлэн болоод байна” гэж тэд мэдэгдсэн байна.

Тусламжийн цуваа хотын дүүргийн эмнэлгийг зорих бөгөөд хотоос гарах хүсэлтэй оршин суугчдад тогтоосон хугацаанд хотоос гарах боломжийг бүрдүүлнэ. Үүний дараа хүмүүнлэгийн тусламжийг тараана гэж мэдэгдэлд дурджээ.

Энэхүү ажиллагаа нь 2022 оноос хойш дайны бүсэд бүслэгдээд байгаа Олешки хотын оршин суугчдад тулгараад буй хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх зорилготой. Үүний зэрэгцээ ОХУ, Украины талууд үүний цаана өөр өөр зорилго агуулж буй ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энх тайвныг тогтоох хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа харуулахыг зорьж байна.

Эх сурвалж: Reuters

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.