Москва хотноо зохион байгуулагдсан Орос-Африкийн гуравдугаар дээд хэмжээний уулзалт амжилттай болж өнгөрснийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уулзалтын үр дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Дээд хэмжээний уулзалтаар талууд эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарт 2027-2029 он хүртэл хэрэгжүүлэх хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө болон “Москвагийн тунхаглал”-ыг баталжээ.
Хоёр талын өнөөгийн бараа эргэлт 27 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд цаашид хөрөнгө оруулалтыг хэдэн арван тэрбумаар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Африк дахь Оросын их дээд сургуулиудын салбар болон соёлын төвүүдийг өргөжүүлж, оюутнуудыг үнэ төлбөргүй сургана. Мөн халдварт өвчинтэй тэмцэх тусламжийн хөтөлбөрийг 2029 он хүртэл сунгав. Түүнчлэн, “Росатом” компани гадаад улс орнуудад барьж буй нийт 32 атомын блокийн 28-ыг нь, тэр дундаа Египет дэх 25 тэрбум ам.долларын өртөгтэй АЦС барьж байна. Мөн Африк руу үр тариаг гэрээний болон буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн нийлүүлэхээ мэдэгдэв.
Орос улс Африкийн орнуудыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд төлөөлөлтэй болохыг дэмжихээ илэрхийлжээ.
В.Путин, өрнөдийн орнууд Орост стратегийн ялагдал хүлээлгэж чадаагүй. Орос улс Европтой дайн хийхийг хүсэхгүй байгаа бөгөөд хэрэв дайн болвол “ялагч үгүй” болно гэдгийг анхааруулжээ.
Оросын тал Европын орнуудтай харилцаагаа сэргээх аливаа алхмыг дэмжинэ. Мөн Финланд, Норвегийн удирдагчдын санаачилгаар утсаар ярих үеэр Балтын тэнгисийн аюулгүй байдлыг хөндсөн байна. Орос улс Балтын тэнгист хурцадмал байдал үүсгэхийг хүсэхгүй байгаа ч аливаа сорилтод хариу өгөхөд бэлэн гэдгээ В.Путин илэрхийлжээ.
Эх сурвалж: Zindaa.mn