Монгол Улс ОХУ-ын Бүгд найрамдах Тува Улс хамтын ажиллагааны хүрээнд харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг судалж, ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Тэргүүн Владислав Товарищтайович Ховалыгийг хүлээн авч уулзахдаа энэ талаар ярилцаж, санал нэгдсэнийг ЗТЯ мэдээлэв.
Талууд Монгол, Тувагийн тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, баруун бүсийн тээврийн шинэ гарц, холболтыг хөгжүүлэх, авто болон төмөр зам, агаарын тээврийн салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллах тухай санал солилцлоо.
Сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс хоёр хөрштэйгээ тээврийн харилцааг хөгжүүлэх, хил дамнасан гарц, боомтын хүчин чадлыг нэмэх, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн салбарт авто болон төмөр зам, агаарын тээврийн чиглэлд түлхүү хамтран ажиллах бодлого баримталж байгааг дурдав. Мөн хил залгаа бүс нутгуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, ард иргэдийн амьдралд ач холбогдолтойг онцолжээ.
Тэрбээр, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Арцсуурь, Овоот, Шивээхүрэн, Сэхээ чиглэлийн баруун босоо төмөр замын төслийг танилцуулав. Төслийг Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөлтэй стратегийн хувьд уялдуулан хөгжүүлэх боломжтой. Ингэснээр хил дамнасан ачаа тээврийн шинэ гарц бий болгож, бүс нутгийн тээврийн урсгал нэмэгдэх боломжтойг илэрхийлсэн байна.
Талууд Монгол, Тува Улсыг холбодог Боршоо-Хандгайт, Арцсуурь-Цагаантолгой боомтын дэд бүтцийн хөгжил, авто замын сүлжээний уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцов. Арцсуурь боомтыг хатуу хучилттай замаар холбох төсөл нь хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм. Мөн агаарын тээврийн хамтын ажиллагааны тухай хэлэлцэж, Кызыл-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг энэ сарын 5-наас эхэлсэн нь иргэдийн зорчих хөдөлгөөн, аялал жуулчлал, бизнесийн харилцааг идэвхжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэжээ.
Хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дэд бүтцийн томоохон төслийн уялдаа холбоог хангах, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр логистикийн шинэ боломжийг судалж, хамтран ажиллах тухай ч ярилцлаа.
Монгол Улс Тува Улстай тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд ач холбогдолтой юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ