17:24
22.06.2026
Даваа
Б.Жамсуев: Орос, Монголын харилцаа Халхын голоос эхтэй зуун дамжсан дайчин нөхөрлөл дээр тогтдог

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүн (Сенатор) Баир Жамсуев Холбооны Зөвлөл дэх Монгол Улсын Их Хуралтай хамтран ажиллах бүлгийн гишүүд болон Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Даваа нарын ажлын уулзалтыг зохион байгууллаа. Энэ талаар тэрээр өөрийн “MAX” сувагтаа мэдээлсэн байна.

“Ноён Д.Давааг тус албан тушаалд томилогдон Москвад дахин ирсэнд чин сэтгэлээсээ баяртай байна. Бид түүний өмнөх дипломат төлөөлөгчийн газрын үүрэгт ажлын үеэс л бие биенээ сайн мэдэх хуучны танилууд юм. Түүнийг ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Тэргүүний орлогч Константин Косачевтай уулзаж, улмаар ОХУ-ын Парламентын доод танхим (Төрийн Дум)-д ОХУ-ын Холбооны Хурал, Монгол Улсын Их Хурал (УИХ) хоорондын хамтын ажиллагааны Хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааны албан ёсны протоколд гарын үсэг зурах үеэр хамтран ажилласнаас хойш, энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд болж буй бидний гурав дахь уулзалт юм” хэмээн Жамсуев тэмдэглэв.

Тус хэлэлцүүлэгт Холбооны Зөвлөл дэх Монгол Улсын УИХ-тай хамтран ажиллах бүлгийн гишүүд болох Байгал чанадын хязгаараас Алтай, Хакаси хүртэлх Оросын хилийн бүс нутгуудыг төлөөлсөн сенаторууд оролцлоо.

“Монголын найз нөхөдтэйгөө биднийг Халхын голын байлдааны үеэс эхтэй зуун дамжсан найрамдал, дайчин нөхөрлөл холбодог. Түүнчлэн энэ жил бид хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэж байна” гэж сенатор хэлэв.

Уулзалтаар талууд дараах олон чухал асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  • Хилийн бүс нутгуудад бизнесийг хөгжүүлэх, дэмжих;

  • Дорнын эдийн засгийн форумд оролцох;

  • Монгол улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох хэмжээг нэмэгдүүлэх;

  • Авто зам болон хилийн боомтуудыг шинэчлэн сайжруулах;

  • Байгал нуурын экологийн асуудал, Сэлэнгэ мөрнийг хамгаалах;

  • Дулааны цахилгаан станц (ДЦС) барих;

  • Монголын ерөнхий боловсролын сургуулиудад орос хэлний сургалтыг дэмжих, ОХУ-ын дээд сургуулиудад монгол боловсон хүчин бэлтгэх зэрэг өргөн хүрээтэй сэдвүүд багтав.

Яриа хэлэлцээрийн өөр нэгэн чухал сэдэв нь ирэх 7 дугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Улаан-Үд хотод зохион байгуулагдах “Алтаргана” олон улсын буриад соёлын наадам байв. Наадмын өдрүүдэд ОХУ-ын Байгал чанадын хязгаар болон Монгол Улсын Хэнтий аймаг хооронд хамтын ажиллагааны албан ёсны хэлэлцээрт гарын үсэг зурна гэдгийг сенатор Б.Жамсуев Элчин сайдад уламжилсан байна.

Хоёр талын харилцан сонирхол, идэвхтэй байдал нь цаашид хамтын томоохон, сонирхолтой ажлууд хүлээж байгааг дахин нотоллоо.

Эх сурвалж: Сенатор Баир Жамсуевын албан ёсны “MAX” суваг

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.