07:26
14.10.2026
Лхагва
Шинэ жилийн өмнөхөн А.Овечкин үнэмлэхүй рекорд тогтооно

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч Александр Овечкин энэ оны 12 дугаар сарын 28 гэхэд оруулсан гоолынхоо тоогоор тус лигийн үнэмлэхүй дээд амжилтыг тогтооно. Ийм таамаглалыг Оросын хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Илья Воробьев дэвшүүлжээ.

Саяхан “Сиэтл” багтай хийсэн тоглолтын явцад /3:5/ Овечкин энэ улирлын анхны гоолоо оруулсан юм. Өдгөө 41 настай түүний хувьд Канадын алдарт хоккейчин Уэйн Гретцкигийн тогтоосон үнэмлэхүй дээд амжилтыг /лигийн аварга шалгаруулах тэмцээн ба плей-офф/ эвдэхэд 10 гоол дутуу байгаа юм. А.Овечкин  одоогийн байдлаар 1007 гоол оруулаад байна.

“Ямартай ч Александр гоол оруулсанд би баяртай байна. Мэргэн буучийн хувьд тэрбээр гоолын амтыг мэдрэх хэрэгтэй, ингэсэн үед л гоолгүй цуврал зогсоно. Гретцкигийн дээд амжилтыг Овечкин 12 дугаар сарын 28-нд буюу Шинэ жилийн өмнөхөн эвдэх болов уу гэж би таамаглаж байна. Ингэснээр Оросын хоккей сонирхогчдод шинэ оны бэлэг барина. Нэмж хэлэхэд, 12 дугаар сарын 22-нд Оросын хоккейн 80 жилийн ой тохионо” гэж Воробьев ярилаа.

Москвагийн цагаар 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө “Вашингтон” баг “Коламбус”-ыг хүлээн авч тоглох бол 29-нд шилжих шөнө “Эдмонтон” багтай тоглоно.

Эх сурвалж: ТАСС

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.