07:59
18.06.2026
Пүрэв
БНХАУ болон Монголын төлөөлөгчид Чита хотод болох Ялалтын баярын арга хэмжээнд оролцоно
БНХАУ болон Монгол Улсын албан ёсны төлөөлөгчид Забайкалийн хязгаарын төв Чита хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эх орны дайны Ялалтын баярын арга хэмжээнд оролцохоор боллоо.
Энэ тухай 5 сарын 9-ний баярыг угтах бэлтгэл ажлыг хангах Зохион байгуулах хорооны хурлын үеэр Забайкалийн Төлөвлөлт, хөгжлийн дэд сайд Марина Степанова мэдээлэв. Тус хурлыг тус бүс нутгийн Амбан захирагчийн орлогч Аягма Ванчикова даргалан явуулсан байна.
Марина Степановагийн хэлснээр, Монгол Улсын Дорнод аймгийн Засаг даргын орлогч Чулууны Ганбат тэргүүтэй төлөөлөгчид, мөн БНХАУ-ын Манжуур хотын даргын орлогч Чэн Гобинь тэргүүтэй албаны хүмүүс болон Хөлөнбуйр хотын Гадаад хэргийн албаны төлөөлөгчид баярын арга хэмжээнд оролцохоо албан ёсоор баталгаажуулжээ.
Забайкальд болох энэ удаагийн Тавдугаар сарын 9-ний баярыг “Оросын ард түмний эв нэгдлийн жил”-ийн хүрээнд зохион байгуулах аж. Титовская сопка толгойд байрлах “Сухотино” угсаатны болон археологийн паркад болох “Ялалтын үүр” ажиллагаанд Забайкалийн олон үндэстэн ястны төлөөлөл үндэсний хувцастайгаа оролцохоор болсон байна. Бүс нутгийн Амбан захирагчийн орлогч Аягма Ванчикова уг соёлын паркийн орчимд иргэдийн хувийн автомашины хөдөлгөөн болон зогсоолын асуудлыг зөв зохион байгуулах нь чухал гэдгийг онцлов.
Мөн тэрбээр тавдугаар сарын 6-нд болох цэргийн парадын ерөнхий бэлтгэлийн үеэр жагсаалд оролцох цувааны эхлэх цэгээс авхуулаад чанга яригчийн дууны чанар хүртэлх бүх нарийн ширийн зүйлсийг дутуу үлдээлгүй анхаарч, засаж сайжруулахыг үүрэг болголоо. Бүх арга хэмжээ хамгийн хүндтэй зочид болох Эх орны дайны ахмад дайчид, ар талын ажилчид, дайны үеийн хүүхдүүд болон Цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдод зориулагдан өндөр түвшинд зохион байгуулагдах ёстойг тэмдэглэв.
Зохион байгуулах хорооноос мэдээлснээр, тавдугаар сарын 9-ний өдөр Чита хотын бүхий л томоохон олон нийтийн талбайд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана. Забайкалийн Дайчин болон хөдөлмөрийн алдрын дурсгалын цогцолборт баярын жагсаал болсны дараа хотын уран бүтээлчдийн тоглолт эхэлж, түүхэн сэргээн босголтын бүлгүүд 1944 оны тулалдааны хэсгээс үзэгчдэд сонирхуулах аж. Мөн Ялалтын паркад ирсэн зочдыг цэргийн хээрийн гурван гал тогооны цэрийн будаагаар дайлахар бэлтгэжээ.
Офицеруудын ордны цэцэрлэгт хүрээлэнд сэдэвчилсэн 30 талбай ажиллана. Театрын талбайд мастер-классууд зохион байгуулагдах бөгөөд оройн 18:00 цагт 450 хос “Ялалтын сургуулийн вальс”-ыг зэрэг бүжиглэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна Хувьсгал, Хөдөлмөр, Декабристуудын талбайд ч баярын үйл ажиллагаанууд өрнөх юм.
Лениний талбайд цэргийн парад дууссаны дараа олон нийтийн арга хэмжээнүүд шууд эхлэх бөгөөд 19:00 цагт “Ард түмний эв нэгдэл – Ялалтын хүч” сэдэвт театрчилсан тоглолт тоглогдоно. Улмаар оройн 22:00 цагт Дайчин болон хөдөлмөрийн алдрын дурсгалын цогцолбороос Ялалтын баярын 30 удаагийн ёслолын буудан буюу салют буудуулснаар баярын арга хэмжээ өндөрлөнө.
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.