15:10
24.06.2026
Лхагва
Монгол офицерууд сургуулиа нэр төртэй төгслөө
24.06.26 10:31

ОХУ-ын цэргийн сургуулиудын төгсөлтийн баяр болж, Монголын офицерууд алтан медальтай төгссөн баярт мэдээ манай редакцад ирлээ.

Тухайлбал, ОХУ-ын Санкт-Петербург хотын алдарт Михайловын нэрэмжит Артиллерийн цэргийн академийг Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч, хошууч Б.Одбаяр “Анги, нэгтгэлийн удирдлага” мэргэжлээр, цэргийн ухааны магистрын зэрэгтэй, алтан медальтай төгсөж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн байна. Нэр хүндтэй тус академийг 1981 онд хошууч генерал О.Үржин, 2011 онд хурандаа Д.Насанзаяа, 2023 онд хошууч С.Моломжамц нар алтан медальтай дүүргэж байсан бол Б.Одбаяр дөрөв дэх нь болжээ.

Тэгвэл туухай өргөлтийн ДАШТ-ий 10 алтан медальт, тус тэмцээнд дөрвөн жил дараалан түрүүлсэн Э.Буджав ОХУ-ын Кострома хот дахь ЗХУ-ын маршал С.К.Тимошенкогийн нэрэмжит “Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академи”-ийг Цацраг хими биологиос хамгаалах цэргийн инженер мэргэжлээр төгсөв. Тэрбээр 2019-2026 онд суралцсан нь энэ.

Харин ЗХЖШ-ын МТГ-ын Хэмжил зүйн албаны мэргэжилтэн, хошууч Б.Цогжаргал ОХУ-ын Воронеж хотын профессор Н.Е.Жуковский болон Ю.А.Гагарины нэрэмжит Агаарын цэргийн академийг нисэхийн холбоо, радиотехникийн хангалтын анги салбарын удирдлага мэргэжлээр онц дүнтэй, алтан медальтай төгслөө.

Мөн дэслэгч М.Золбаяр нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Михайловын нэрэмжит Цэргийн артиллерийн академийг улаан дипломтой дүүргэсэн байна.

Энэ бол монгол цэргийн эрдэм, ур чадварыг олон улсын тавцанд офицерууд дуурсгасаар байгаагийн илрэл юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.