БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, ахлах хурандаа Жянь Бинь тавдугаар сарын сүүлээс зургаадугаар сарын эхэн хүртэлх хугацаанд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны нутаг дэвсгэрт Монгол, Хятадын зэвсэгт хүчний “Талын түнш-2026” хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулагдах талаар мэдэгдлээ.
“MiddleAsianNews” агентлагийн мэдээлснээр, ахлах хурандаа Жянь Бинь хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ, энэ удаагийн сургуулилалтаар хууль бус зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх хамтарсан ажиллагааны тактикт гол анхаарлаа хандуулахыг онцолсон байна. Тэрээр 2024 оны зургаадугаар сард БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны Мэдээллийн газрын орлогч даргаар томилогдсон бөгөөд Их Британийн Бирмингемийн их сургуульд Олон улсын судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан өндөр боловсролтой кадруудын нэг юм.
Удахгүй болох хамтарсан сургуулилалт нь хоёр улсын найрамдал, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, практик хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран сахиулах чадавхийг дээшлүүлэх зорилготой хоёр дахь удаагийн томоохон ажиллагаа болж буйг Жянь Бинь тэмдэглэв.
Монгол, Хятад улс нь анхны хамтарсан цэргийн сургуулилалтаа 2024 онд хийж байсан түүхтэй. “Талын түнш” нэртэй, хууль бус зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэх чиглэлээр зохион байгуулагддаг уг сургуулилалт нь 30 хоногийн хугацаанд гурван үе шаттай явагддаг.
2024 оны анхны сургуулилалтаар хоёр улс Монгол Улсын зүүн өмнөд бүс болох Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг түшиглэн ажилласан юм. Тухайн үед Хятадын талаас төрөл бүрийн зэвсэглэл, дугуут техник бүхий батальоны түвшний бие бүрэлдэхүүнийг дайчлан оролцуулж байв.
“Талын түнш-2024” сургуулилалтын Хятадын талын цэргийн командлагч Зю Цици тухайн үед хэлэхдээ: “Энэхүү сургуулилалт нь хоёр орны арми хууль бус зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх хамтарсан шийдлийг эрэлхийлэх практик платформ юм. Мөн байлдааны ажиллагаа болон бэлтгэл сургуулилалтын арга барилын талаар туршлага солилцох боломжийг олгож байна. Энэ нь боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хоёр талын практик хамтын ажиллагаанд маш чухал ач холбогдолтой” хэмээн үнэлж байжээ.
Эх сурвалж: MiddleAsianNews / БНХАУ-ын Батлан хамгаалах яам