ЭЛЧИН САЙД Д.ДАВАА РУСГИДРО НХН-ИЙН ТӨСЛИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ОРЛОГЧ ЗАХИРАЛ С.В.МАЧЕХИНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Русгидро НХН-ийн Төслийн инженерчлэл, тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал С.В.Мачехинийг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Даваа Монгол, Оросын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл улам бүр өргөжин хөгжиж, Засгийн газар болон холбогдох яамд, байгууллага хоорондын хэлхээ холбоо гүнзгийрч буйг дурдаад хоёр улсын хооронд хэрэгжүүлэхээр санал солилцож байгаа төсөл хөтөлбөрүүд, тэр дотроо Эгийн голын усан цахилгаан станцыг барих, ДЦС-3-ыг шинэчлэх төслүүдийг урагшлуулахын ач холбогдлыг тэмдэглэв.
Орлогч захирал С.В.Мачехин Орос, Монголын усны салбарын хамтын ажиллагаа, үүний дотор Эгийн голын УЦС-ыг барих төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал бодлоо танилцуулав.
Түүнчлэн талууд цаашид усны салбарын инженер, мэргэжилтэнүүдийг ОХУ-д сургах, мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг судалж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Эх сурвалж: Aist Global, Посольство Монголии в РФ