13:55
25.06.2026
Пүрэв
Забайкальед 150 мянган жуулчин хүлээн авахад бэлэн болжээ

Энэ онд ОХУ-ын Забайкалье хязгаар (Байгал нуурын чанад дахь муж) 150 мянга орчим жуулчин хүлээн авах боломжтой байна. Бүс нутгийн янз бүрийн нутаг дэвсгэрээр аялах жуулчдад зориулан амралтын баазууд, кемпүүд, сувилал, амралтын газрууд болон аяллын маршрутуудыг бүрэн бэлтгэсэн талаар тус мужийн Амбан захирагч Александр Осипов мэдэгдлээ.

“Манай бүс нутгийг зорих хүмүүсийн тоо нэмэгдэж буй нь эндхийн өвөрмөц байгаль, тухайлбал тал хээр, тайга, нуур, рашаан ундарга, буддын шашны нандин шүтээнүүд, үндэсний уламжлал болон амьд түүхтэй холбоотой” хэмээн тэрбээр онцлов.

Мужийн удирдлагын тэмдэглэснээр, жуулчдын хамгийн ихээр зорьдог гол газруудын нэг нь “Алханай” үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэвээр байна. Өнгөрсөн онд тус цэцэрлэгт хүрээлэнд 38 мянган хүн зочилсон бол энэ жил ойд нэвтрэх хязгаарлалтыг цуцалсантай холбоотойгоор жуулчдын тоо өсөж, 42 мянга давах төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн далайн эрэгт амрах, загасчлах, гэр бүлээрээ аялахад нэн тохиромжтой Ивано-Арахлей нуурууд уламжлал ёсоор эрэлт ихтэй байна. Үүнээс гадна экологийн маршрутууд, морин аялал, эрүүл мэндийн хөтөлбөрүүд болон Забайкалье мужийн соёл, ахуй амьдралтай танилцах аяллууд жуулчдын сонирхлыг ихээр татаж байгаа юм.

“Бид ‘Аялал жуулчлал ба зочлох үйлчилгээ’ үндэсний төслийн дэмжлэгтэйгээр зочдоо хүлээн авч байна. Забайкалье муж аялал жуулчлалын асар их нөөц бололцоотой бөгөөд үүнийг байгаль эх, шүтээнүүд болон энэ нутагт амьдарч буй ард иргэдэд нь хүндэтгэлтэйгээр, хайрлан хамгаалж хөгжүүлэх нь нэн чухал юм” хэмээн Александр Осипов тодотголоо.

Эх сурвалж: Забайкалье мужийн Засгийн газрын хэвлэлийн алба

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.