Катар Улсын Доха хотноо энэ сарын 9-27-нд болж буй Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн XXII их хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа их хурлын Нэгдсэн хуралдаанд Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн үг хэлж, цахим шилжилтийн ололт амжилт, цаашдын тэргүүлэх чиглэлийг танилцуулав. Тэрбээр харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хиймэл оюун ухаан, цахим инновацыг хариуцлагатай хөгжүүлэхийн чухлыг онцолж, ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцлог, хэрэгцээг харгалзан олон улсын хамтын ажиллагаа, техникийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын түншлэлийг өргөжүүлэхийг уриалав.
Мөн цахим шилжилтийн үр өгөөжийг хүн бүрд тэгш хүртээх, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой дижитал ирээдүйг цогцлооход Монгол Улс ОУЦХБ болон гишүүн улсуудтай нягт хамтран ажиллахад бэлэн буйг нотлов.
Энэ үеэр Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ нар Америкийн Нэгдсэн Улс, Тайландын Хаант Улс, Малайз Улс, Бүгд Найрамдах Зимбабве Улсын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн нь ОУЦХБ-ын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гишүүн орнуудтай ажлын түвшний харилцаа холбоог өргөжүүлэхэд ач холбогдолтой болов.
Энэ удаагийн их хурлаар дэлхийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, хүртээмжтэй, аюулгүй, найдвартай цахим холболтыг өргөжүүлэх, дижитал ялгаатай байдлыг бууруулах, шинээр хөгжиж буй технологийн боломж, сорилтыг шийдвэрлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж байна. Түүнчлэн ОУЦХБ-ын 2028-2031 оны стратеги, санхүүгийн төлөвлөгөөг баталж, байгууллагын удирдлага, Зөвлөлийн гишүүд болон Радио зохицуулалтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох юм.
Дөрвөн жил тутам болдог ОУЦХБ-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал нь тус байгууллагын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, стратеги, санхүүгийн төлөвлөгөөг тодорхойлж, удирдах албан тушаалтнууд болон удирдах байгууллагуудын бүрэлдэхүүнийг сонгон бүрдүүлдэг шийдвэр гаргах дээд түвшний хурал болно гэж ГХЯ-наас мэдээллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ