АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч нар болох Жаред Кушнер, Стив Уиткофф нар Абу Даби хотод гурван талын хэлэлцээ хийснийхээ дараа Москва хотод хүрэлцэн иржээ. Пүрэв гарагт буюу өнөөдөр тэднийг Москва хотын Внуково нисэх онгоцны буудалд ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаадын орнуудтай хийх хөрөнгө оруулалт-эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгч, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев угтан авсан байна.
Орос, Украины дайныг зогсоох хэлэлцээнд зуучлагчаар оролцож буй Ж.Кушнер, С.Уиткофф нар К.Дмитриевтэй уулзсаныхаа дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана.
Ж.Кушнерийн мэдээлснээр, тэд В.Путинтэй Абу Даби хотод болсон хэлэлцээний үеэр хөндсөн асуудлуудыг ярилцахаар төлөвлөж байна. Үүний дараа Дублин хотод Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах аж.
АНУ-ын зуучлалаар Орос, Украины төлөөлөгчдийн хооронд хийж буй ээлжит хэлэлцээ арваннэгдүгээр сарын 10-11-нд Абу Даби хотод болсон юм. Хэлэлцээний дараа Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский талууд “энх тайванд хүрэхэд ойртсон” гэж мэдэгджээ. Харин Украины төлөөлөгчдийн нэг Давид Арахамия хэлэлцээний явц “сайн байгаа” бөгөөд энэ нь оны эцэс гэхэд тохиролцоонд хүрч магадгүй гэж мэдэгдсэн байна.