Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Мөнх тэнгэрийн бичиг – 2026” олон улсын уран бичлэгийн уралдааны “Уран бүтээлчид” ангилалд Буриадын Бүгд Найрамдах Улсын уран бичээч Арюна Булгутова тусгай шагнал хүртжээ.
Арюна Булгутова 2023 оноос эхлэн тус уралдаанд оролцож байгаа бөгөөд ОХУ-ын Улаан-Үд хотод амьдардаг. Тэрбээр гэр бүлийнхээ хамт “Титэм” нэртэй урлагийн студи байгуулж, хүүхэд, залуус болон монгол бичиг, уран бичлэг сонирхдог хүмүүст хичээл заадаг байна.
Тэрбээр энэ талаар ярихдаа: “Сүүлийн жилүүдэд манай Буриадын иргэдийн дунд монгол бичиг, уран бичлэг сурах хүсэл сонирхол нэмэгдэж байгаад би маш их баяртай байдаг. Энэ нь бидний соёлын өв хил хязгаарыг даван, улам олон хүнд хүрч буйн нэг илрэл гэж боддог” хэмээн онцолжээ.
Арюна тус уралдаанд зориулан Монголын нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Мөрөөдөл” шүлгийг сонгож, хулсан үзгээр уран бичлэгийн бүтээл туурвисан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ