Украины дайн дуусах хүртэл Оросын тамирчид Финланд, Норвегт зохион байгуулах тэмцээн уралдаанд оролцох боломжгүй боллоо. Тус хоёр улсын Засгийн газар Оросын тамирчдад виз олгохгүй байх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.
Финландын эрх баригчид ОХУ-ын иргэдийг нэвтрүүлэх нь “Финландын олон улсын харилцаанд аюул учруулж байна” гэж үзэн холбогдох тогтоолыг баталжээ. Энэхүү хязгаарлалт нь мэргэжлийн спортын салбарт ажиллах зэрэг богино хугацаагаар тус улсад зорчих виз хүсэгчдэд, мөн төвийг сахисан статустайгаар тэмцээнд оролцохоор төлөвлөж буй тамирчдад хамаарах ажээ. “ОХУ спортыг суртал ухуулгын зорилгоор ашиглаж, хууль бус түрэмгий дайныхаа зорилгыг сурталчлан таниулах хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна” гэж Финландын Засгийн газар мэдэгджээ.
Тус улсын эрх баригчид визний мэдүүлгийг шийдвэрлэх, хилээр нэвтрүүлэх болон богино хугацаанд оршин суух зөвшөөрөл олгохдоо дээрх шийдвэрийг энэ сарын 16-наас эхлэн мөрдөх юм байна.
Харин Норвегийн Засгийн газар мэдэгдэхдээ “ОХУ болон Беларусийн иргэдэд виз олгох, тус улсад нэвтрэхэд хатуу хязгаарлалт хэдийн үйлчилж байгаа. Гэвч олон улсын спортын холбоод зарим хөнгөлөлт үзүүлдэг тул мэргэжлийн тамирчид болон тэднийг дагалдан яваа хүмүүс спортын тэмцээнд оролцохоор Норвегт зорчих боломжтой хэвээр байна. Украинд дайн үргэлжилж байгаа үед эдгээр улсын мэргэжлийн тамирчид болон тэднийг дагалдан яваа хүмүүсийг Норвегт нэвтрүүлэхгүй байхыг Засгийн газар зорьж байна” гэжээ. Холбогдох журамд оруулах өөрчлөлтүүд удахгүй хүчин төгөлдөр болох аж.
Норвегийн эрх баригчид уг шийдвэрээ тайлбарлахдаа “Оросын мэргэжлийн спорт нь тус улсын эрх баригчид, төрийн байгууллагуудтай нягт холбоотой. Тиймээс Оросыг олон улсын спортын үйл ажиллагаанд оролцуулах асуудлыг Украины эсрэг явуулж буй түрэмгий дайнаас нь салгаж авч үзэх боломжгүй гэж Засгийн газар үзэж байна. Беларусь улс мөн Оросын дайныг дэмжиж, тусалж ирсэн” гэсэн байна.
Эх сурвалж: DW, МОНЦАМЭ