Одоогоос 105 жилийн өмнө буюу 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Орос, Монгол Улс Монголын төрт улсыг олон улсын хэмжээн хүлээн зөвшөөрсөн анхны хэлэлцээрийг Москва хотноо байгуулав. “Энэ бол их түүх бөгөөд манай хоёр улсын харилцааны түүх юм” гэж тэгш ойг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дүгнэсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр улсын харилцааны үндэс суурь нь олон жилийн уламжлалт сайн хөршийн харилцаа, бие биенийхээ эрх ашгийг харилцан ойлголцож, хүндэлж ирсэн явдал юм хэмээн онцлов.
Улаанбаатар Төмөр зам нь хамгийн том хамтарсан байгууллага болох нь
Энэхүү “их түүхэнд” У.Хүрэлсүхийн тодорхойлсноор хоёр талын хамтын ажиллагааны түүчээ болсон Улаанбаатар төмөр зам ХНН онцгой байр суурийг эзэлдэг.
УБТЗ нь Монгол, Оросын хамтарсан хамгийн том үйлдвэр төдийгүй Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллага юм. Өдгөө тус байгууллагад 16 мянга орчим хүн ажиллаж байна.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг Монгол Улс, ЗХУ 1949 оны зургаадугаар сард хамтран байгуулж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50:50 хувиар тэнцүү тогтоосон нь өнөөг хүртэл хэвээр хадгалагдан иржээ. Нийгэмлэг байгуулагдсанаас хэдхэн сарын дараа Улаанбаатар өртөө Наушки өртөөнөөс эхэлсэн 400 км төмөр замын төгсгөлийн цэг болон нээгджээ. Улмаар 1955 оны арванхоёрдугаар сард Улаанбаатараас БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд өртөө хүртэлх 713 км төмөр замын хөдөлгөөнийг нээсэн байна. Харин 1956 оноос ЗХУ, БНХАУ-ыг холбосон шууд галт тэрэг Монголын нутгаар дамжин зорчиж эхэлжээ.
Өнөөдөр Монгол Улсын 1,800 орчим км урт төмөр замын сүлжээ нийт ачаа эргэлтийн 70 орчим хувийг тээвэрлэж байна. Зөвхөн өнгөрсөн онд УБТЗ 33.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь түүхэн дээд амжилт болов.
Тээвэрлэлтийн өсөлтөд ОХУ-тай хийж буй худалдаа чухал нөлөө үзүүлж байна. Хоёр улсын худалдааны эргэлт 2021 онд 1.8 тэрбум ам.доллар байсан бол 2025 оны эцэст 2.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ тухай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан бага хурлын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков мэдээлсэн юм.
Энэ онд хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт өндөр байна. Учир нь өнгөрсөн зун Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болсон юм. Уг хэлэлцээрийн хүрээнд Монголын 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Евроазийн эдийн засгийн холбооны 180 сая хэрэглэгчтэй зах зээлд хөнгөлөлттэй болон тэг хувийн гаалийн тарифаар нэвтрэх боломж бүрджээ. Үүний зэрэгцээ талууд чөлөөт худалдааны бүрэн хэмжээний бүс байгуулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. Энэ сэдвийг өнгөрсөн есдүгээр сард болсон Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хамтарсан хорооны анхдугаар хуралдааны үеэр мөн хэлэлцсэн юм.
.jpg)
Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг ямар техникээр шинэчилж байна вэ?
УБТЗ-ын тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэхэд хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэл чухал нөлөө үзүүлж байна. Үүнд ОХУ-аас нийлүүлж буй техник, тоног төхөөрөмж голлох үүрэгтэй байна. Тухайлбал, есдүгээр сард Улаанбаатар хотод болсон Бүс нутгуудын форумын үеэр ОХУ-ын Шадар сайд Алексей Оверчук “Трансмашхолдинг” компанийн бүрэлдэхүүнд багтдаг Брянскийн машин үйлдвэрлэлийн үйлдвэрт үйлдвэрлэсэн зүтгүүрүүдийг Монгол Улсад нийлүүлж буйг жишээ болгон дурджээ. Тэдгээрийн нэг болох 2ТЭ25КМ загварын гол замын зүтгүүр нь 108 вагон бүхий уртаараа дээд үзүүлэлтэд хүрсэн ачааны галт тэргийг амжилттай чирсэн байна.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай цаг агаарын хүнд нөхцөлд ажиллах шаардлагад нийцүүлж зохион бүтээсэн 2ТЭ25КМ загварын зүтгүүрийг Монгол Улсад 2017 оноос нийлүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр ачаа тээврийн ажлын ихээхэн хэсгийг нугалж байна.
(1).jpg)
УБТЗ 2024 онд буюу үүсэн байгуулагдсаныхаа 75 жилийн ойгоороо ОХУ-ын хувь нийлүүлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлдэг “Росжелдор” буюу Холбооны төмөр замын тээврийн агентлагийн дэмжлэгтэй ийм загварын таван зүтгүүр хүлээн авчээ. Үүний ачаар зүтгүүрийн паркийн орчин үеийн техникийн эзлэх хувийг нэмэгдүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ОХУ-д үйлдвэрлэсэн 200 гаруй зүтгүүр ашиглагдаж байгаагийн гуравны хоёр нь гол замын зүтгүүр юм. Харин сэлгээний зүтгүүрүүдийн хувьд Брянскийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 25 зүтгүүр явж байна.
ОХУ-ын үйлдвэрлэгчидтэй тогтоосон хамтын ажиллагааны хүрээ зөвхөн ачаа тээврээр хязгаарлагдахгүйгээр зорчигч тээврийн салбарыг ч хамарч байна. Тухайлбал, 2025 онд байгуулсан санамж бичигт Улаанбаатар хотыг ОХУ-ын хотуудтай холбох галт тэрэгт зориулан зорчигчийн вагон нийлүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд Монголын төлөөлөгчид Санкт-Петербург хотноо 2025 оны наймдугаар сард болсон “PRO//Движение.ЭКСПО” үзэсгэлэнгийн үеэр “Трансмашхолдинг” компанийн үйлдвэрлэж буй орчин үеийн хоёр давхар зорчигч тээврийн вагон болон овор хэмжээ, тав тухын хувьд өндөр түвшний Т оврын зорчигч тээврийн вагонтой танилцсан байна. Мөн тус компанийн бусад шинэ бүтээгдэхүүн болох хот орчмын чиглэлийн ДП2Д дизель түлүээр явдаг галт тэрэг, ачаа болон зорчигч тээврийн зориулалттай ТЭ26 зүтгүүрийг үзэж сонирхжээ.
Дамжин өнгөрөх тээврийн коридороос хотын нийтийн тээвэр хүртэл
Олон зууны турш далайн тээвэрт тулгуурлаж ирсэн дэлхийн худалдаанд өнөөдөр хуурай газрын тээврийн коридорын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Ази, Европыг холбосон хамгийн дөт маршрутын нэг Монгол Улсын нутгаар дайран өнгөрдөг нь манай улсын дамжин өнгөрөх тээврийн чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ УБТЗ-ын стратегийн ач холбогдлыг өсгөж байна. Энэ хүрээнд 2030 он гэхэд төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ч шинэчлэлийн санхүүжилтийн асуудал нээлттэй хэвээр байна. Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хэлснээр, энэ нь шийдвэрлэх шаардлагатай гол асуудал бөгөөд хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн талаар Монгол, Орос, Хятад гурван улс хамтран хэлэлцэж байгаа аж.
Тээвэрлэх хүчин чадал нэмэгдэхийн хэрээр төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хэрэгцээ ч өсөх нь дамжиггүй. Энэ нөхцөлд 1520 мм-ийн царигтай төмөр замын нэгдсэн орон зай болон олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд ОХУ-ын үйлдвэрлэгчид Монголын төмөр замын салбарын гол нийлүүлэгчдийн нэг хэвээр байна.
.jpg)
Ташрамд дурдахад, Улаанбаатар төмөр замаас гадна олон салбарт ОХУ-д үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Тухайлбал, 2014 онд “Трансмашхолдинг”-ийн бүрэлдэхүүнд багтдаг “Метровагонмаш” үйлдвэр Монгол Улсад РА2 загварын төмөр замын автобус нийлүүлж байжээ. Эдгээрийг цахилгаанжуулаагүй, зорчигчийн урсгал ихтэй төмөр замын хэсэг болон хот орчмын, орон нутаг хоорондын тээвэрт ашигладаг. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийтийн тээврийн шинэ төрлүүдийг нэвтрүүлэхээр тусгасан нь энэ чиглэлд тус холдингийн туршлага, технологийг ашиглах ирээдүйг нээж байна. Үүнд орчин үеийн нам шалтай трамвай, тэр дундаа жолоочгүй буюу автомат удирдлагын горимд ажиллах боломжтой загварууд багтаж байна. Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн галт тэрэгнүүд өнөөдөр дэлхийн 11 улсын 19 метронд ашиглагдаж байгаа аж. Ийнхүү анх төмөр замын салбараас эхэлсэн Монгол, Оросын хамтын ажиллагаа цаашид хотын нийтийн тээврийн салбарт ч өргөжин тэлэх боломжтой юм.
Эх сурвалж: Zindaa.mn