ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга А.Н.Архипов тэргүүтэй төлөөлөгчид Баян-Өлгий, Ховд аймагт ажиллаж байна.
Төлөөлөгчид Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжантай уулзаж, ажил хэргийн зорилго, төлөвлөж буй үйл ажиллагаагаа танилцууллаа.
Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Уулзалтад Алтайн Бүгд Найрамдах Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга А.Н.Архипов, Экспортыг дэмжих төвийн захирал Татьяна Логинова, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга А.Айнагүл нар оролцлоо.
Баян-Өлгий аймагт ажиллах хугацаандаа төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзалт, бизнес форум зохион байгуулж, хоёр талын бизнес эрхлэгчдийг уулзуулах юм. Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцан зах зээлд нийлүүлэх, экспортын гэрээ байгуулах боломжийг хэлэлцэнэ.
Мөн аймгийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжит түншлэлийг тодорхойлохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ