09:04
15.11.2026
Ням
Хоёр талын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ
14.11.26 20:27

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 12, 13-нд Завхан аймагт ажиллаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар аймгийн удирдлагуудтай санал солилцсон талаар Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр, Засаг дарга Г.Өнөрбаяр, Засаг даргын орлогч Х.Лүндээжанцан, Тамгын газрын дарга Т.Рэнчинванжил болон холбогдох байгууллага, Арцсуурь боомт, хил орчмын сумдын удирдлагууд оролцов.

Уулзалтын үеэр ОХУ-аас шатахуун нийлүүлэх, Арцсуурь боомтын үйл ажиллагааг сэргээхэд дэмжлэг үзүүлэх, Цагаан толгой боомтоор бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тулгардаг хүнд суртлыг бууруулах зэрэг худалдаа, тээвэр, хилийн боомтын асуудлыг ярилцлаа.

Мөн Завхан аймгийн багш нарыг ОХУ-д сургах, мэргэжил дээшлүүлэх, оюутан солилцоог өргөжүүлэх, аймгаас хонь, тэмээний ноос, үхрийн хөөврөн бүтээгдэхүүн экспортлох боломжийн талаар санал солилцсон байна.

Энэ үеэр Элчин сайд А.Н.Евсиков Оросын тусламжаар баригдсан Завхан аймгийн ууган сургуулиудын нэг болох Улиастай сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд зочилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцжээ. Уулзалтаар тус сургуулийн барилгыг өргөтгөх асуудлыг ярилцсан байна. Түүнчлэн ОХУ-д суралцах сонирхолтой 12 дугаар ангийн сурагчид, багш нартай уулзаж, суралцах боломжийн талаар ярилцжээ.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Завхан аймгаас ОХУ-д тэтгэлгээр суралцах хүүхдүүдийг бэлтгэдэг “Русский дом” төвийн салбарт ажилласан байна. Энэ үеэр тус төвд суралцаж буй хүүхдүүдийг ОХУ-ын олон улсын хүүхдийн зусланд амруулах боломжийг нээж өгөхөөр болсноо Элчин сайд илэрхийллээ.

Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас зохион байгуулсан сурагч Б.Хүслэнзаяагийн зургийн үзэсгэлэнг үзэж сонирхон, ирэх оны гуравдугаар сард ОХУ-ын Элчин сайдын яаманд зохион байгуулах үзэсгэлэнд бүтээлээ дэлгэхийг урьсан байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож

буй үед болж байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.