00:47
10.11.2026
Мягмар
Трамп АПЕК-ийн уулзалтын үеэр Ши, Путин нартай уулзахаар төлөвлөж байна
09.11.26 14:07

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт Хятадад болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзаж, Иран дахь дайныг зогсоох, цөмийн зэвсэг хураах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа ням гарагт мэдэгджээ.

Д.Трамп Флорида муж улсаас Вашингтон хот руу буцахын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, 11 дүгээр сарын 18-19-нд Хятадын өмнөд нутгийн Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.

“Уулзалтуудын нэг маань Путин, Ши Жиньпин нартай хийх сонирхолтой уулзалт байх болов уу. Бид цөмийн зэвсэг хураах зэрэг олон асуудлыг хөндөн ярилцахаас гадна Иран дахь дайныг зогсоохыг хичээнэ” гэж тэрбээр хэлжээ.

Ши Жиньпин, В.Путин нартай зэвсэглэлд хяналт тавих асуудлаар гурван талын хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Д.Трамп өнгөрсөн сард илэрхийлж байсан юм. В.Путин уг уулзалтаар Украинд явуулж буй дайныг эцэслэх асуудлыг хэлэлцэх санал тавьсан гэж “The Wall Street Journal” сонинд мэдээлж байв.

Д.Трамп “CBS” телевизийн “60 минут” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрэхэд “маш ойрхон байна” гэж үзэж байгаагаа хэлээд, уг тохиролцооны үр дүнд Украины газар нутаг “үл ялиг өөрчлөгдөнө” гэсэн боловч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.