00:48
10.11.2026
Мягмар
Шатахууны нийлүүлэлт тасраагүй ч авто бензиний хэрэглээ нэмэгдсээр байна
08.11.26 16:38

ОХУ-аас нийлүүлэх шатахуун тасалдаагүй ч манай улсын авто бензиний хэрэглээ нэмэгдсээр байгааг АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны шуурхай штабын ээлжит хуралдааны үеэр тэмдэглэлээ.

Тус хурлаар шатахууны импорт, тээвэрлэлт, нөөц, түгээлт, чанар болон үнийн хяналтын тухай хэлэлцсэн юм. АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны хангамж, олон нийтийн дунд үүсээд буй зарим эргэлзээтэй асуудлыг тайлбарлахдаа, “ОХУ геополитикийн хүнд нөхцөлд байгаа ч манай улсад шатахууны нийлүүлэлтээ таслаагүй. ОХУ-аас долоодугаар сард 47 мянга, наймдугаар сард 67 мянга, есдүгээр сард 64 мянга, 10 дугаар сард 57 мянган тонн шатахуун нийлүүлсэн. Энэ сард 70 мянган тонныг авна. Авто бензиний сарын хэрэглээ ердийн үед 70 мянган тонн орчим байдаг бол зундаа сард 100 мянган тонн хүрдэг. Иймд манай улс шатахуунаа зөвхөн нэг улсаас авахгүй, өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангахаар импортын эх үүсвэрээ нэмж, БНХАУ, Казахстан, БНСУ-аас Евро5 шатахуун авч байна” гэв.

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэглээ сүүлийн 4 жилд 1.7 сая тонноос 3.1 сая тонн болж нэмэгджээ. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагаа өргөжиж, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, авто машины импорт, хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойг АҮЭБЯ мэдээллээ.

Түүнчлэн төмөр замын өртөөнд өнгөрсөн 7 хоногт шатахуун тээвэрлэсэн вагон-цистерн бөөгнөрсөн нь шатахууны хомсдол зориуд үүсгэж буй хардлага, шүүмжлэл дагуулсныг Б.Мөнхтамир тайлбарлахдаа вагон-цистерний хүлээгдэл үүссэн шалтгааны нэг нь зуны дизель түлшнээс өвлийнхөд шилжих технологи, агуулахын хүчин чадлын хүндрэл гэдгийг тодотгов.

Энэ үед аж ахуйн нэгжүүд зуны дизель түлшний үлдэгдлээ борлуулж, агуулах саваа сулласны дараа өвлийн дизель түлшийг хүлээн авдаг. Одоогоор өртөөнүүдэд хүлээж буй вагон-цистерний дийлэнх нь дизель түлш тээвэрлэж байгаа. Харин АИ-92, Евро-92, АИ-95, АИ-98 авто бензинийг Сүхбаатар өртөөгөөр хүлээн авч, Толгойтод буулгасны дараа түгээж байгааг тэмдэглэлээ.

АМГТГ-аас ШТС-уудад 7 хоног бүр түүвэрчилсэн хяналт, шинжилгээ хийхэд энгийн АИ-92 авто бензинийг Евро-92 нэрээр худалдсан зөрчил илрээгүй байна. ОХУ, БНХАУ-аас импортолж буй Евро-92 авто бензиний худалдан авах үнэ, тээвэрлэлт, бусад зардал харилцан адилгүй байгаа. Үнийн зөрүү нь импортын өртөгтэй холбоотой эсэх, үнэ тогтоолт нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд Монополын эсрэг газраас хяналт тавьж байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.