08:16
23.07.2026
Пүрэв
Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
13.06.26 12:23

Монгол Улсын залуусыг ОХУ-ын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуульд уурхайн ашиглалт, ашигт малтмалын баяжуулалт, металлург, түүхий эд боловсруулах химийн технологи, үйлдвэрлэлийн процессын автоматжуулалт, үйлдвэрийн экологийн инженер бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна.

Жил бүр 50-иас доошгүй оюутныг тус их сургуульд суралцуулах боломж бүрдүүлэх, бакалавр, магистр болон мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт хамруулах, үйлдвэрлэлийн дадлага, судалгааны төсөл, шинжлэх ухаан-технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болсныг АҮЭБЯ мэдээллээ.

Үүнийг баталгаажуулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан төлөөлөгчид ОХУ-ын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуульд ажиллах үеэр “Эрдэнэс ҮТП” ХХК болон тус их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн ОХУ дахь төлөөлөгчийн газар, “Эрдэнэс ҮТП” ХХК, “Эрдэнэс Газ” ХХК-ийн удирдлагууд уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн хүний нөөцийн хөгжил, инженер бэлтгэх хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.

Төлөөлөгчид Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийн сургалт, судалгааны орчин, лабораториуд, Уул уурхайн музейтэй танилцаж, сургуулийн ректор Владимир Литвиненкотой уулзсан байна. Уулзалтын үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Монгол Улсад уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийг өндөр технологид суурилан хөгжүүлэхэд олон улсын түвшний инженер, техникийн боловсон хүчин чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд судалгаа, хөгжүүлэлтийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, технологийн аудит, инженерингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, оюутан, багш, мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, үйлдвэрлэл, дипломын өмнөх дадлага хийх, эрдэм шинжилгээний хурал, семинар, зуны сургалтыг хамтран зохион байгуулна. Хамтын ажиллагаа нь Монголын аж үйлдвэржилтийн бодлогыг дэмжих, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай, ур чадвартай инженер, техникийн ажилтанг бэлтгэх, олон улсын түвшний мэдлэг, туршлагыг нутагшуулах ач холбогдолтой юм.

“Эрдэнэс ҮТП” ХХК нь Монголын зургаан байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Үйлдвэрлэл, технологийн паркуудын төслүүдийг удирдаж, зэсийн баяжмал, жонш, ган, кокс-хими, нүүрс-химийн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон төслүүдэд хүний нөөцийг үе шаттай бэлтгэхийг зорьж байна. Талууд ойрын 2-3 жилд хамтран ажиллах зураглалаа боловсруулан баталж, хамтын ажиллагааг үр дүнд хүргэхээр тохиролцжээ.

Айлчлалын үеэр сайд Г.Дамдинням тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж, сургалтын орчин, нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуульд одоогоор 17 монгол оюутан суралцаж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.