Зуны улиралд дотоодын зах зээлд шатахууны нийлүүлэлтийг хангалттай хэмжээнд барих зорилгоор Сибирийн нефть боловсруулах үйлдвэрүүдийн (НПЗ) төлөвлөгөөт засварын ажлыг 2026 оны намар хүртэл хойшлуулсан тухай ОХУ-ын Төв банкны бүс нутгийн эдийн засгийн талаарх VII сарын тайланд дурджээ.
Тавдугаар сард Сибирь дэх нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх сартай харьцуулахад өссөн байна (улирлын тохируулгатайгаар). Бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаа энэ үед босоо чиглэлийн интеграчлагдсан холдингуудад багтдаг Сибирийн томоохон НПЗ-ууд үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглаж, хамгийн ачаалалтай горимоор ажиллаж, түүхий эдийн рекорд хэмжээний боловсруулалт хийжээ.
“Оросын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний хангалттай нийлүүлэлтийг баталгаажуулахын тулд Сибирийн НПЗ-уудын төлөвлөгөөт засварын ажлыг илүү хожуу үе буюу 2026 оны намар болгон хойшлуулсан” гэж Төв банкны тайланд тэмдэглэсэн байна.
ОХУ-ын Төв банкны мэдээлснээр, тавдугаар сард Сибирьт нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд томоохон НПЗ-ууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дээд амжилт тогтоох хэмжээний түүхий эд боловсруулжээ.
Өмнө нь түүхий эдийн хангамж болон эрэлтийн тал дээр хүндрэлтэй байсан хараат бус биеэ даасан үйлдвэрүүд ч үйлдвэрлэлийн үзүүлэлтээ ахиулсан байна. Бүс нутгийн нэгэн үйлдвэр захиалагчийн түүхий эдийг боловсруулах зэргээр хүчин чадлын ашиглалтаа бараг хоёр дахин нэмэгдүүлжээ. Өөр нэг үйлдвэр арилжааны хэрэглэгчдийн зүгээс авах эрэлт өссөнийг тэмдэглэв. Тус компани жилийн туршид үйлдвэрийн гуравдугаар ээлжийн хүрээнд шинэ тоног төхөөрөмж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ үеэр Томск мужийн нефть боловсруулагч муж доторх хойд нутгуудад болон нефть-хийн, химийн үйлдвэрүүдийн шатахууны эрэлт нэмэгдсэнийг мэдээллээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин долоодугаар сарын 8-нд Сайд нарын танхимтай хийсэн уулзалтын үеэр улс оронд үүссэн шатахууны хүндрэл нь түр зуурын шинжтэй бөгөөд Оросын эрчим хүчний салбарт чамгүй аюулгүйн нөөц байгааг мэдэгдсэн юм.
Шатахуун боловсруулах үйлдвэрүүд рүү хийсэн халдлагын улмаас ОХУ-д шатахууны үйлдвэрлэл хэсэгчлэн буурсан ч нөхцөл байдал тодорхой хэмжээнд тогтворжсон болохыг Шадар сайд Александр Новакийн тайлангаас харж болно. Эдгээр үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын эрх баригчид бензин болон дизель түлшний экспортод хориг тавьсан бөгөөд долоодугаар сараас эхлэн нефтийн бүтээгдэхүүнийг гадаадаас импортолж эхлэх юм. Нефтийн томоохон компаниуд хараат бус операторуудтай бүс нутгуудад шатахууныг нэн тэргүүнд нийлүүлж байна.
Өмнө нь Александр Новак ТАСС агентлагт мэдээлэхдээ, ОХУ дотоодын зах зээлээ хангахад хангалттай хэмжээний шатахууны нөөц бүрдүүлсэн боловч хүмүүсийн цуурхал, үймээнээс үүдэлтэй зарим эрэлт 20-30 хувиар өссөнийг дурдаж байв. Мөн хэрэгцээ шаардлагад тохируулан логистикийн сүлжээний бүтцийг өөрчлөн шинэчлэхэд тодорхой хугацаа шаардагдана гэдгийг тэрээр тэмдэглэж байжээ.
Эх сурвалж: Доклад Банка России «Региональная экономика» (ТАСС)