Олон улсын автомашины холбооны (FIA) Дэлхийн авто спортын зөвлөл (WMSC) Орос болон Беларусын тамирчдад олон улсын тэмцээнд оролцоход тавьсан хязгаарлалтуудыг цуцаллаа. Ингэснээр Оросын уралдаанчид ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, өөрийн үндэсний далбаа дор болон төрийн дууллаа эгшиглүүлэн оролцох боломжтой болж байгааг ОХУ-ын Спорт болон биеийн тамирын сайд Михаил Дегтярев MAX сүлжээн дэх өөрийн сувгаар мэдээлэв.
Уг шийдвэрийг Олон улсын олимпын хорооны (ОУОХ) Гүйцэтгэх зөвлөлөөс 2026 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гаргасан зөвлөмжийн дагуу гаргасан байна.
2026 оны эхээр FIA-гаас Оросын автомашины холбооны (РАФ) гишүүнчлэлийг сэргээж, улмаар холбогдох хороо, комиссуудын үйл ажиллагаанд оролцох, санал өгөх эрхийг буцаан олгосон юм.
РАФ нь олон жилийн турш авто спортын уламжлалт болон хурдацтай хөгжиж буй шинэ төрлүүдийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр идэвхтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Орос улсад авто уралдаан нь сая сая үзэгчдийн сонирхдог, дуртай спорт бөгөөд тус улсад үндэсний хэмжээний хэд хэдэн том тэмцээн тогтмол зохион байгуулагддаг. Тиймээс олон улсын авто спортын гэр бүлд эргэн ирж байгаа нь цаг үеэ олсон, удаан хүлээсэн үйл явдал болж байна.
Ташрамд дурдахад, 2026 оны эхнээс олимпын төрлийн дэлхий болон Европын аварга шалгаруулах тэмцээн, цомын төлөөх тэмцээнүүдэд ОХУ-ын 415 тамирчин үндэснийхээ далбаан дор оролцоод байгаа юм.
Эх сурвалж: Михаил Дегтяревын MAX суваг