02:09
23.11.2026
Даваа
Путин: Украинчууд Оростой нэгдэх хэрэгтэй

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин украинчуудыг өнөөгийн нөхцөл байдал, болж буй эмгэнэлт үйл явдлуудыг үл харгалзан Оростой нэгдэхийг уриалж, үүнийг “түүхийн зөв тал” гэж тодорхойлжээ.

Тэрбээр Сербийн найруулагч Эмир Кустурицад ярилцлага өгөхдөө “Манай талд нэгдээрэй. Учир нь энэ бол бидний хамтын тал, түүхийн зөв тал юм” гэж хэлснийг Оросын төрийн мэдлийн “ТАСС” агентлаг мэдээлсэн байна. Гэхдээ Путин үүнийг хоёр улс заавал нэг улс болох тухай ойлголт биш, харин “хамтын зорилгод хүрэхийн тулд хамгийн өргөн утгаар нэгдэх” тухай хэлж байгаагаа онцолсон ч яг ямар зорилгыг хэлж буйгаа тодорхой тайлбарлаагүй байна.

Путин 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш орос, украинчууд түүхэн болон соёлын хувьд нэгдмэл ард түмэн гэх байр суурийг удаа дараа илэрхийлж ирсэн. Түүний энэ мэдэгдэл Оросын арми Украины хотууд болон дэд бүтцэд пуужин, нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөөр байгаа энэ үед гарчээ.

НҮБ-ын мэдээллээр, 2022 оны хоёрдугаар сараас хойш Украины 18 мянга орчим энгийн иргэн амиа алдаж, 58 мянга орчим хүн шархадсан байна. Харин “Conflict Intelligence Team” байгууллагын тооцоогоор, 2026 он гарснаас хойш Украины довтолгооны улмаас Оросын 600 орчим энгийн иргэн амиа алджээ. Мөн Путин Киевийн барууны холбоотнуудыг Орос, Украиныг сулруулж, хувааж, эрхшээлдээ оруулах зорилготой “хувааж захирах” бодлого явуулж байна гэж дахин буруутгасан байна.

Түүний энэхүү ярилцлага Оросын Үнэн алдартны сүмийн тэргүүн Патриарх Кириллийн 80 насны ойд зориулан бүтээж буй Эмир Кустурицагийн баримтат кинонд багтжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.