21:12
26.07.2026
Ням
ОХУ бензиний экспортын хоригоо 2026 оны эцэс хүртэл сунгахаар боллоо

ОХУ-аас бензин экспортлох хоригийг 2026 оныг дуустал сунгахаар болсон талаар Шадар сайд Александр Новак мэдэгдлээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, үйлдвэрлэгч болон үйлдвэрлэгч бус аж нэгжүүдийн бензиний экспортод тавьсан хоригийг сунгах шийдвэрийг шуурхай штабын хуралдаанаас гаргасныг Новак сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүнчлэн нефть боловсруулах үйлдвэрүүдийг (НПЗ) дизель түлшний илүүдэлд оруулж, боловсруулалтын хэмжээг бууруулах хүндрэлээс сэргийлэхийн тулд “зах зээл сэргэхийн хэрээр” дизель түлшний экспортын хоригийг цуцална гэдгийг тэрээр онцолсон байна.

Шадар сайдын тэмдэглэснээр, ОХУ-ын хувьд дотоодын зах зээлээ хангасны дараа үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах зорилгоор дизель түлшийг экспортод гаргах нь чухал байгаа аж.

Энэ зун логистикийн өөрчлөлтөөс үүдэж ОХУ-д шатахууны нийлүүлэлт зарим талаар тасалдах асуудал гарч байгааг Новак өмнө нь мэдээлж байв. Засгийн газраас нөхцөл байдлыг сайжруулахын тулд зарим арга хэмжээ авсны дотор дизель түлш болон бензиний экспортод хориг тавьсан юм. Одоогоор шатахуун экспортлох энэхүү хориг долоодугаар сарын 31-нийг хүртэл үйлчилж байгаа билээ.

Өмнө нь Забайкальскийн хязгаарын амбан захирагч Александр Осипов Шадар сайд Александр Новакаар ахлуулсан хуралдааны үеэр тайлагнадаа, тус бүс нутгийн 244 шатахуун түгээх станцын 90 хувь нь хэвийн ажиллаж байгааг дурджээ. Үүнээс 18 хувь нь ямар нэгэн хязгаарлалтгүй, 72 хувь нь 20 литр хүртэлх лимиттэйгээр үйлчилж байна. Шатахууны борлуулалт нэмэгдэж, хоногт 930 тоннд хүрээд байгаа бөгөөд ойрын хугацаанд төлөвлөгөөт 1600 тоннд хүргэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: агентлаг «ТАСС» (Засгийн газрын хэвлэлийн алба)

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.