Италийн парламентын Төлөөлөгчдийн танхим Украины энхийн үйл явцыг дэмжих тухай тогтоолыг баталлаа. Уг баримт бичигт дайн дуусгавар болсны дараа ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний горимыг зөөлрүүлэх тухай тусгасан байна. Энэ талаар 6 дугаар сарын 12-ны өдөр “РИА Новости” агентлаг мэдээллээ.
Уг баримт бичгийг Италийн эрх баригч олонхын намууд өргөн барьсан бөгөөд Ерөнхий сайд Жоржа Мелони үг хэлсний дараа санал хураалт явуулж баталсан байна. Тогтоолыг 170 депутат дэмжиж, 138 парламентари эсэргүүцсэн бол 3 депутат түдгэлзсэн санал өгчээ.
Энэхүү тогтоолоор “Украинд шударга, бат бөх энх тайвныг тогтооход чиглэсэн бүхий л үр дүнтэй санаачилгыг хэрэгжүүлэхийг” Засгийн газарт үүрэг болгож байгаа юм. Ингэхдээ хориг арга хэмжээг үе шаттайгаар цуцлах асуудлыг “хэлэлцээрийн хөшүүрэг” болгон ашиглахыг санал болгожээ. Энэхүү санаачилга нь АНУ, НАТО болон “Их Долоо” (G7)-гийн түншүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр “энхийн үйл явцад Европын Холбооны идэвхтэй үүргийг” нэмэгдүүлэхэд дөхөм болно гэж үзэж байна.
Ерөнхий сайд Жоржа Мелонигийн парламентын индэрт хэлсэн үг нь ирэх 6 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын өмнөх бэлтгэл үеэр болжээ.
ОХУ-ын тал хориг арга хэмжээний дарамтыг даван туулж чадна гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан юм. Москвагийн зүгээс Өрнөдийн орнуудад энэхүү хориг арга хэмжээний бодлого бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрөх зориг дутаж байна гэдгийг онцолж байв. Мөн Өрнөдийн зарим улс орнуудын дотоодод ч ийм төрлийн нэг талыг барьсан хязгаарлалтууд үр дүнгүй байгаа тухай байр суурийг олонтоо илэрхийлж байжээ.
Эх сурвалж: РИА Новости