Хэдийгээр Орос-Украины дайн үргэлжилсээр байгаа боловч Олон улсын Олимпын хорооноос /ОУОХ/ өгсөн зөвлөмжийн дагуу Олон улсын гандболын холбоо (IHF) ОХУ, Беларусийн эсрэг авсан бүх хориг арга хэмжээг цуцлах шийдвэрийг өчигдөр буюу лхагва гарагт гаргажээ.
Ингэснээр 2022 оны гуравдугаар сарын 4-нд Орос, Беларусийн багууд, албаны хүмүүс, шүүгчид, дасгалжуулагчид, шинжээчдийн эсрэг авсан хоригууд цуцлагдаж байна. Үүний сацуу IHF-ийн мэдэгдэлд “хоёр улсын баг тамирчид олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцох болсонтой холбогдуулан өдгөө хэрэгжиж буй сэргээшийн эсрэг дүрэм журмуудыг мөрдүүлэхийн тулд боломжтой бүх арга хэмжээг тус холбоо авах болно” гэж дурджээ.
Үүний зэрэгцээ Олон улсын гандболын холбоо Украины гандболын холбоог тууштай дэмжиж, тус холбоотой эв санааны нэгдэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ. Түүнчлэн “Оросын тал Украинд халдан довтолсныг бид эрс зэмлэн буруушааж, дайн удахгүй төгсгөл болж, спортын салбарын харилцаа хэвийн болно хэмээн найдаж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Үүнтэй холбогдуулан эргэн сануулахад, энэ сарын 7-ны өдөр ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Оросын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд бүрэн хэмжээгээр оролцуулахыг зөвлөмж болгосноос гадна Оросын Олимпын хорооны гишүүнчлэлийг сэргээсэн юм. Үүнээс өмнө тавдугаар сард Беларусийн талаар ийм зөвлөмжүүд гаргасан билээ.
Энэ бүхний дараачаас олон улсын спортын холбоод Оросын тамирчдын талаар авсан хоригуудаа цуцалж эхэллээ. Тухайлбал, 8-ны өдөр Олон улсын волейболын холбоо (FIVB), 13-ны өдөр Олон улсын ширээний теннисний холбоо (ITTF) Оросын тамирчдыг уралдаан тэмцээнүүдэд оролцуулахыг тус тус зөвшөөрөв.
ОУОХ-ын зөвлөмж гарахаас өмнө 4 дүгээр сард Олон улсын усан спортын холбооноос Орос, Беларусийн бүх насны тамирчид олон улсын тэмцээнүүдэд төрийнхөө далбаан дор, төрийнхөө дууллыг эгшиглүүлэн оролцохыг зөвшөөрсөн билээ. 6 дугаар сарын эхээр Олон улсын туялзуур сэлэмний холбоо, 2025 оны 11 дүгээр сард Олон улсын жүдогийн холбоо мөн адил шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ