05:21
29.11.2026
Ням
ОХУ Арктикийн бүс нутгийг хөгжүүлэх стратегийг баталлаа
27.11.26 19:45

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Арктикийн бүсийг хөгжүүлэх, Арктик дахь үндэсний аюулгүй байдлыг хангах стратеги”-ийг баталлаа.

Ерөнхийлөгчийн зарлигт “Урьдчилсан тооцоогоор 2035 он хүртэл Арктикийн бүсэд 200 орчим мянган шинэ ажлын байр бий болж, хөдөлмөрийн бүтээмж тогтвортой өсөх төлөвтэй” гэжээ.

Ажлын байр ба цалин. 2024 оны байдлаар Арктикт ажлын байрны тоо 16.2 мянга байсан бол стратегиар 2030 он гэхэд 110 мянга болгон нэмэгдүүлнэ. Мөн бүс нутгийн дундаж цалинг 2024 онд 139.4 мянган рубль байсныг 2030 онд 235 мянга, 2035 онд 373 мянган рубль болгон өсгөхөөр төлөвлөжээ.

Хөгжлийн бусад чиглэл:

  • Арктикийн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
  • Арктикийн суурин газруудыг 2036 он гэхэд орчин үеийн холбооны үйлчилгээгээр хангана.
  • Уугуул иргэдийг хөдөлгөөнт эрчим хүчний эх үүсвэр, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчээр хангана.
  • Төвлөрсөн эрчим хүчний хангамжгүй, хүрэхэд хэцүү алслагдсан бүс нутагт дулаан хангамжийг Якутад баригдаж буй, 400 киловатт хүртэл хүчин чадалтай, газар дээрх анхны жижиг оврын атомын цахилгаан станц “Елена-АМ” хангана.
  • Хойд тэнгисийн замаар 2035 он гэхэд жилд 110-150 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ.
  • 2054 он гэхэд бүс нутагт шингэрүүлсэн байгалийн хий (СПГ), хийн химийн үйлдвэрлэл, металлурги, ховор шороон металлын кластерууд бий болно.

Стратегид “Арктикийн бүс нь нөөц баялгаа, тэр дундаа хуурай газар болон эх газрын тавиурын нөөцийг оновчтой ашиглахад суурилсан өндөр технологит аж үйлдвэрийн бүс нутаг болох ёстой” гэж тусгажээ.

Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах нь. Баримт бичигт Арктик нь шударга бус өрсөлдөөн, ОХУ-ыг хязгаарлах оролдлогын талбар болж байна гэж дурджээ. Москва НАТО Арктикийг цэргийн ажиллагааны боломжит талбар гэж үзэж, цэргийн оршихуйгаа нэмэгдүүлж, тэр дундаа цөмийн зэвсэг хэрэглэх боломжийг сургуулилж байгааг тэмдэглэжээ.

Мөн Европын орнууд ОХУ-ын Арктик дахь үйл ажиллагааг нотлох баримтгүйгээр шүүмжилж байна гэжээ. Үүнд “гол хэрэгсэл нь дезинформаци тараах, тагнуулын үйл ажиллагаа, ОХУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Хойд нутаг, Сибирь, Алс Дорнодын цөөн тооны уугуул ард түмэнд сөрөг нөлөө үзүүлэх явдал юм” гэж заажээ.

Түүнчлэн Барууны орнууд Арктикийг “нийтийн өв” статустай болгож, Хойд тэнгисийн замд ч хамааруулахыг оролдож байна гэж стратегид дурджээ. ОХУ-ын бүрэн эрхт байдлыг Арктик дахь цэргийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар хамгаална.

Хүчин төгөлдөр болох. Зарлиг гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно. Мөн Ерөнхийлөгч Засгийн газарт 6 сарын дотор Арктикийн бүс болон Транс-Арктикийн тээврийн коридорыг хөгжүүлэх төслийг боловсруулж, Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн хөгжил, үндэсний төслийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг даалгав.

Эх сурвалж: РИА Новости

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.