ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүн (сенатор), Забайкалийн хязгаарын төлөөлөгч Баир Жамсуев өөрийн «MAX» сувгаараа дамжуулан, Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан «Алтаргана» олон улсын үндэсний наадмын үеэр Монголын талын төлөөлөгчидтэй уулзсан сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрээр хөрш зэргэлдээ орнуудын залуучуудын байгууллагын хамтын ажиллагааны түүх болон өнөөгийн харилцааны залгамж чанарыг онцлон тэмдэглэсэн байна.
Б.Жамсуев хэлэхдээ: «Комсомолын байгууллагад ажиллаж байх үеэсээ л Намсарийн Ням-Осорын талаар их сонсож байлаа. ЗХУ-ын Бүх холбоотын Лениний Комсомолын Залуучуудын Эвлэлийн (ВЛКСМ) Төв Хорооны дэргэдэх Комсомолын дээд сургуулийг төгссөн тэрээр хөрш зэргэлдээ Монгол Улсын Хэнтий аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Тухайн жилүүдэд бид хөршүүдтэйгээ идэвхтэй нөхөрлөж, манай залуучуудын байгууллагын удирдагчид жинхэнэ хамтран зүтгэгчид, дотно анд нөхдүүд байв» хэмээн дурсжээ.
Н.Ням-Осор нь залуучуудын төлөөлөгчдийг тэргүүлэн Чита хотод олон удаа зочилж, хоёр орны хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлж, хөгжүүлэхэд хувийн зүгээс үнэтэй хувь нэмэр оруулсныг сенатор дурдсан байна.
«Өнөөдөр манай эртний, дотно анд маань Монгол улсдаа нэр хүндтэй, хүндлэгдсэн эрхэм болжээ. Тэрээр Чингис хааны нэрэмжит олон улсын “Их Засаг” их сургуулийн ректор, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор бөгөөд Монгол Улсын төрийн дээд шагнал, эрхэм цол болох “Монгол Улсын Ардын багш”, “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор шагнагдсан байна» гэж тэрээр тэмдэглэв.
Түүнчлэн хоёр бүс нутгийн найрамдалт харилцаа шинэ үед ч залгамжлагдан, улам бүр бэхжиж байгааг сенатор онцоллоо.
«Энэ оны эхээр би түүний хүү, Монгол Улсын парламент-засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн манай улсад айлчилсан Ням-Осорын Учралтай танилцсан. Тухайн үед тэрээр Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан бол өнөөдөр Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байна» хэмээн Баир Жамсуев сэтгэгдлээ хуваалцжээ.
Эх сурвалж: Забайкалийн хязгаарын сенатор Баир Жамсуевын «MAX» суваг