18:22
07.07.2026
Мягмар
Ширээний теннисний дэлхийн чансааны оноо олгох тэмцээн Монголд болно
07.07.26 14:51

Монголын ширээний теннисний холбооноос Олон улсын ширээний теннисний холбоонд хүсэлт тавьсны дагуу дэлхийн чансааны оноо олгох залуучууд болон өсвөрийн тэмцээнийг энэ сарын 14-23-нд эх орондоо зохион байгуулахаар болжээ.

Энэхүү хоёр тэмцээн нь хоёулаа дэлхийн чансааны оноо олгох бөгөөд ширээний теннисний спортын хувьд анх удаа уг тэмцээнийг Монголд зохион байгуулахаар болсон нь энэ. Монголын ширээний теннисний спортын хөгжлийг дэлхийд сурталчлах, монгол тамирчдын ур чадварыг харуулах, залуу тамирчид эх орондоо дэлхийн чансааны оноо авах зэрэг  чухал ач холбогдолтой энэхүү тэмцээнд ширээний теннисний хөгжлөөрөө Азид төдийгүй дэлхийд тэргүүлэгч БНХАУ, Япон, Сингапур, БНСУ, ХБНГУ, Тайвань, Энэтхэг, Австрали, Нидерланд зэрэг 30 гаруй орны 300 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Түүнчлэн тэднийг дагалдах дасгалжуулагчид, шүүгчид, албаны зочид, төлөөлөгчид нийлсэн 400 орчим зүтгэлтэн манай улсад ирэх нь ээ.

Өсвөрийн тэмцээн энэ сарын 14-17-нд, залуучуудын ангиллынх 19-23-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох хуваарьтай байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.