03:32
09.10.2026
Баасан
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 28 настай лаборант нас барсантай холбоотой тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл аравдугаар сарын 2-ноос ОХУ болон дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тархсантай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ.

Сэрэмжлүүлэгт ОХУ-ын тус бүс нутагтай ойролцоох хот, тосгон, нэн ялангуяа Эрхүү мужид зорчиж буй болон зорчихоор төлөвлөж буй иргэд өөрсдийн эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайтар хангахыг зөвлөжээ. Хэрэв тухайн бүс нутагт зорчих үед таны биеийн байдал эвгүйрэх, эсхүл хэвийн бус болох тохиолдолд байгаа газраа үлдэж, хамгийн ойролцоох эрүүл мэндийн байгууллагад 103 болон 112 дугаарын утсанд дуудлага өгч, эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой аж.

Иргэд ОХУ-ын хилээр нэвтрэх үед, түүний дараа эрх зүй, эрүүл мэнд болон бусад асуудлаар яаралтай зөвлөмж, туслалцаа шаардлагатай тохиолдолд өөрт ойр Монгол Улсаас ОХУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын аль нэгэнтэй дараах шуурхай утас болон цахим шуудангаар 24 цагаар холбогдох боломжтойг сэрэмжүүлэгт дурджээ.

Москва хот

Холбогдох газар: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам

Холбоо барих: +7 495 690 67 92, moscow@mfa.gov.mn

ЭСЯ-ны Консулын хэлтэс: +7 499 241 15 48, mongolconsul@gmail.com

Кызыл хот

Кызыл хотод суугаа Ерөнхий консулын газар

+7 3942220430, Kyzyl@mfa.gov.mn

Эрхүү хот

Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар

+7(395) 2342145, irkutsk@mfa.gov.mn

Улаан-Үд хот

Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар

+7 (3012) 22-04-99, ulan-ude@mfa.gov.mn хаягаар холбоо барина.

2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих нөхцөл хэрэгжиж байгаа юм. Ингэхдээ нэг удаагийн зорчих хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байх бөгөөд анх хил нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн хугацаанд нийт 90 хоногоос илүүгүй байна гэж тусгажээ. Харин 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах болон бусад зорилгоор зорчих иргэд холбогдох ангиллын виз, зөвшөөрлийг зохих журмын дагуу Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Дархан дахь Ерөнхий консулын газарт мэдүүлж, авна.

Гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь зургаан сараас дээш хугацаатай байх шаардлагатай. ОХУ-ын хилээр нэвтрэхдээ шилжилт хөдөлгөөний хяналтын карт /миграционная карта/-ыг заавал бөглөх бөгөөд тус картад таны хувийн мэдээлэл, аяллын зорилгыг үнэн, зөв тэмдэглэсэн эсэхийг сайтар нягтлах ёстойг сэрэмжлүүлэгт дурдсан байна. Түүнчлэн уг картыг ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж, үрэгдүүлэхгүй байх үүрэгтэй.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.