“Байгаль нуурын эгшиглэнт татах хүч” олон улсын наадмыг зохион байгуулагчид Улаанбаатар дахь “Русский Дом”-д өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Уг наадам нь дэлхийн ард түмнүүдийн төлөөлөл болсон уран бүтээлчдийг нэгтгэсэн тоглолт толилуулж байгаагаараа онцлог юм. Тэд өөрийн ард түмний соёлын онцлогийг уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдийн хүртээл болгох юм. Концертонд ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Ардын жүжигчин, Буриад Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Ольга Жигмитова, Казахстаны баян хуурчин Олжас Нурланов, Арменийг төлөөлөн дуурийн дуучин Рипсиме Сехлеян, Беларусийн дуучин Максим Павлов, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын төлөөлөл болон Лудуб Очиров зэрэг олон орны уран бүтээлчид оролцож байгаа.
Олон улсын наадмын тоглолтын уран сайхны удирдаач ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Ардын жүжигчин Ольга Жигмитова ярихдаа, “Энэхүү наадмыг ОХУ-ын Соёлын яам болон Буриадын Бүгд Найрамдах Улсын Соёлын яамны дэмжлэгтэй зохион байгуулж байгаа бөгөөд удирдаачаар нь ОХУ-ын Гавьяат жүжигчин, профессор Л.Г.Зыкинагийн нэрэмжит орос ардын, дуу хөгжмийн “Россия” эрдмийн чуулгын уран сайханы удирдаач, Гавьяат жүжигчин Дмитрий Дмитриенко ажиллаж байгаа. Наадам маань Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос гараагаа эхэлж байгаад маш их баяртай байна. Бид эндээс Буриадын Баргузин, Горячинск тосгонуудад очиж тоглолтоо үзэгчдийн хүртээл болгоно. Бидний тоглолт Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 9-нд тоглолтоо хийнэ. Түүнээс гадна Эрхүү, Улан-Үд хотыын мастер-клаас зохион байгуулна” гэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ