Газрын тос экспортлогч улсуудын ОПЕК+ байгуууллага ирэх 8 дугаар сард олборлох нефтийн квотыг хоногт 188 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Саудын Араб, ОХУ, Ирак, Кувейт, Казахстан, Алжир, Оман улсуудыг эгнээндээ нэгтгэдэг тус байгууллагын сар тутмын цахим уулзалтаас гаргасан хэвлэлийн мэдээнд энэ тухай дурдсан байна.
Ингэснээр ирэх сард олборлох нефтийн квот хоногт 36,019 сая баррель болж байгаа бөгөөд хамгийн их квотыг Саудын Араб, ОХУ, хамгийн багыг нь Алжир, Оман улсууд авчээ.
Энэхүү шийдвэр нь Ормузын хоолой нээгдсэний дараа экспорт нэмэгдсэнээр нефтийн үнэ буурч байгаа үед дэлхийн зах зээл дэх түүхий газрын тосны эрэлтийг нэмэгдүүлэх юм. Квотын асуудлаарх дараагийн хуралдаан 8 дугаар сарын 2-нд болох ажээ.
Ташрамд дурдахад, 4 дүгээр сарын сүүлчээр АНЭУ-ын эрх баригчид ОПЕК ба ОПЕК+ бүтцүүдээс гарна гэдгээ зарласан билээ.
Нийлүүлэлтэд доголдол гарсаар байгаа боловч нефтийн үнэ Ойрх Дорнодын дайны өмнөх түвшинд хүртэл буурсан байна. Энэ нь Хятадын импорт буурсан, Ойрх Дорнодын бус улсуудын экспорт өссөн, улс орнууд стратегийн нөөцөөсөө урьд үзэгдээгүй хэмжээгээр зах зээлд гаргаж байгаа зэрэгтэй холбоотой.
ОПЕК-ийн мэдээлэлд дурдсанаар, 5 дугаар сард тус байгууллагын гишүүн орнуудын олборлолт хоногт 33.13 сая баррель болж буурсан байна. Хоёрдугаар сард эл үзүүлэлт 42.77 сая баррель байсан юм. Харин ОПЕК+ байгууллага ба АНЭУ-ын экспортыг дэмжих алхмыг АНУ хийснээр 6 дугаар сард олборлолт сэргэж эхэлсэн байна. Гэвч дайны өмнөх түвшинд хүрээгүй байгаа юм.
6 дугаар сарын 18-нд World Oil Outlook-ээс гаргасан жил тутмын таамаглалд дурдсанаар, 2050 он гэхэд дэлхий даяарх нефтийн эрэлт 2025 оныхтой харьцуулахад хоногт 19 сая баррелиар нэмэгдэж, хоногт 124 сая баррель болно.
Эх сурвалж: ВЕНА /DW/