Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр засгийн газрын тэргүүнээр томилогдсоноосоо хойш анх удаа Украинд албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзлаа.
П.Мадьяр, В.Зеленский нар Ужгород хот дахь Украины амь үрэгдсэн цэргүүдийн бунханд цэцэг өргөжээ.
“Эрх чөлөөт оронд амьдрах бидний боломж, Европ дахь манай хөршүүдийн аюулгүй байдал нь асар их үнэ цэнээр олдож байна. Энэ үнэ цэнийг Украин улс өдөр бүр төлж байна. Энэ тэмцэлд амь насаа зориулсан хүмүүсийг хүндэтгэн дурсах нь бидний үүрэг мөн” гэж В.Зеленский Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна. Төр улсаа хамгаалсан украинчуудад хүндэтгэл үзүүлэн айлчлалаа эхлүүлж буй П.Мадьярт Украины Ерөнхийлөгч талархал илэрхийлжээ.
Уулзалтын явцад талууд улс төр, эрчим хүч, дэд бүтцийн асуудлуудаар тохиролцоонд хүрсэн байна. Украины удирдагчийн ярьснаар, тус улсад хий, дизель түлш нийлүүлэх асуудлыг хэлэлцсэнээс гадна хоёр улсыг холбосон төмөр зам барих, тэсрэх бөмбөгийг аюулгүй болгож устгах талаар ярилцжээ.
Петер Мадьяр айлчлалын хэд хоногийн өмнө мэдэгдэхдээ, Украинд амьдардаг унгар үндэстний цөөнхийн соёлын эрхийг хамгаалах асуудлыг Киевийн эрх баригчидтай хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа дурдсан юм. Дайнаас өмнө 130 мянга гаруй байсан унгар үндэстний цөөнхийн тоо өдгөө нэлээд цөөрчээ.
Өмнө нь 10 дугаар сарын 12-нд Украины парламент болох Дээд Рад “үндэстний цөөнхүүд ба уугуул ард түмнүүдийн боловсролын эрхийг хангах тухай” хуулийг баталсан юм. Энэ нь Украиныг Европын Холбоонд элсүүлэх асуудлаарх хэлэлцээг урагшлуулахад Унгарын зүгээс тавьж байсан хоригийг цуцлуулах гол алхмуудын нэг болсон юм.
Эх сурвалж: DW