Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 66 дахь өдрийн хүрээнд зохион байгуулсан “Орос орон, орос хэлийг хэр сайн мэдэх вэ?” бүсийн уралдаанд Булган аймгийн сурагчид амжилттай оролцож, хоёр сурагч ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрх хүртлээ.
Тус уралдааныг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Орхон аймгийн Боловсролын газар хамтран энэ сарын 21-нд Орхон аймагт зохион байгуулсан юм. Уралдаанд Орхон, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн зургаан багийн багш, сурагчид оролцож, мэдлэг, ур чадвараа сорьжээ.
Булган аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн орос хэлний багш Б.Мөнгөнтуяа, 3 дугаар сургуулийн орос хэлний багш Л.Сайнтуяа нар таван сурагчийг удирдан оролцуулсан байна. Тодруулбал, 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Түмнайманжин, Ү.Нандин-Эрдэнэ, 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Мөнхдолгор, Э.Содтуяа, Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Цэлмэг нар өрсөлджээ.
Уралдааны химийн төрөлд Булган аймгийн 3 дугаар сургуулийн сурагч Э.Содтуяа, Б.Мөнхдолгор нар шилдгээр шалгарч, ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийн эзэд боллоо.
Тэтгэлэгт хамрагдсан суралцагчид сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөхийн зэрэгцээ сар бүр мөнгөн тэтгэмж авч, оюутны дотуур байранд хөнгөлөлттэй үнээр амьдрах боломжтой. Мөн шаардлагатай тохиолдолд эхний жилдээ орос хэлний бэлтгэл сургалтад үнэ төлбөргүй хамрагдана. ОХУ-ын 500 гаруй их, дээд сургуулиас өөрийн сонирхсон мэргэжлийн чиглэлээр зургаа хүртэлх сургуулийг сонгон суралцах хүсэлт гаргах боломжтой юм.
Булган аймагт орос хэлний хичээлийг 7-9 дүгээр ангид заавал судалдаг бол ахлах ангид сурагчид сонгон суралцаж байна. Жил бүр дунджаар 600 гаруй сурагч ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, элсэлтийн шалгалт өгдгөөс 6-7 нь орос хэлний хичээлийг сонгодог аж. Шалгуулагчдын тоо цөөн боловч сурлагын амжилт өндөр бөгөөд 2025 оны элсэлтийн шалгалтын дүнгээр Булган аймаг орос хэлний хичээлийн гүйцэтгэлээр улсад наймдугаар байрт эрэмбэлэгджээ.
Мөн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг, бүсийн уралдаан, олимпиад болон орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр суралцуулах аймгийн Засаг даргын тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан Булган аймгаас жил бүр дунджаар 5-15 сурагч ОХУ-ын их, дээд сургуульд элсэн суралцдаг байна.
Бүсийн уралдаанд амжилттай оролцож, тэтгэлэгт шалгарсан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нар болон сурагчдаа дэмжин оролцуулсан ерөнхий боловсролын 2, 3 дугаар сургуулийн сургалтын менежерүүдэд аймгийн Боловсролын газраас баяр хүргэж, талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ