00:57
10.11.2026
Мягмар
Монгол-Казахстаны харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зорилтыг танилцуулав

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ард түмэндээ хандаж дэвшүүлсэн илгээлтийн талаар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд өнөөдөр мэдээлэл өгч, казах-монголын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зорилтыг танилцуулах уулзалт боллоо.

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакынов зочдод Казахстаны хөгжлийн чиг хандлага болон Ерөнхийлөгчийн илгээлтэд дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудыг танилцуулахдаа, Казахстан Улс нь улс төр, нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй шинэчлэлийн үе шатыг туулж явааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн төрийн тэргүүний зарласан “Ард түмний бүтээн байгуулалт” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Хөтөлбөрийн хүрээнд 2027 оныг “Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, ирэх гурван жилд нийгмийн зориулалттай барилга байгууламж, орон сууц, авто болон төмөр зам, нийтийн аж ахуйн дэд бүтцийг барьж байгуулах, шинэчлэхэд 14,27 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. 2026 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 400 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 19 мянган ам.доллароос давах төлөвтэй байгаа аж.

Мөн уулзалтын үеэр Казахстан улс эдийн засгийн шинэ загварыг бүрдүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, атомын эрчим хүчийг хөгжүүлэх, аж үйлдвэрийг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйг шинэчлэх, цахимжуулах болон хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав. Ингэхдээ тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг онцгойлон хөндсөн ба Казахстан Улсын Евразийн томоохон тээвэр, логистикийн зангилаа төв болох төлөвлөгөө, Бахты-Аягөз төмөр замын сүлжээний бүтээн байгуулалт болон Транскаспийн олон улсын тээврийн чиглэлийг хөгжүүлэх арга хэмжээний талаар дурдлаа. Эдгээр санаачилга нь Монгол Улсын гадаад худалдааны чиглэлийг төрөлжүүлж, Казахстанаар дамжин Кавказ, Турк, Ойрх Дорнод болон Европын зах зээлд хүрэх боломжийг өргөжүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн хоёр улсын эрх бүхий байгууллагууд дөт зам нээх асуудлаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж байгааг онцоллоо.

Хоёр талын хамтын ажиллагааны хувьд 2024 онд Казахстаны Ерөнхийлөгчийн Монгол Улсад, 2026 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казахстан Улсад хийсэн харилцан төрийн айлчлал нь стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд түлхэц болсныг тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын Төрийн тэргүүн нарын хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх тухай тохиролцоо, Засгийн газар хоорондын комиссын 10 дугаар хуралдааны мөрөөр хийгдэх ажлууд, мөн хөдөө аж ахуй, мах боловсруулах, уул уурхайн үйлдвэрлэл, эрчим хүч, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны салбар дахь хамтын ажиллагааны талаар танилцууллаа.

Элчин сайд 2027 онд Казахстан, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглээд, хамтын түүх, нүүдэлчдийн өв соёлд тулгуурласан эртний найрамдлын харилцааг бодит эдийн засгийн төслүүдээр баяжуулахын чухлыг илэрхийллээ.

Уулзалтын үеэр хоёр орны хөгжмийн зэмсэг болох домбор, морин хуурын ая эгшиглүүлж, Казахстаны тухай видео танилцуулга гаргав. Уулзалтын төгсгөлд зочид санал бодлоо солилцож, хоёр талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, шинжээчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.