21:30
01.08.2026
Бямба
Оросын боксчид төрийнхөө далбаан дор World Boxing-ын тэмцээнүүдэд оролцоно
31.07.26 19:07

 Оросын тамирчдад тавьсан хоригийг World Boxing цуцалснаар манай боксчид төрийнхөө далбаан дор олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжтой боллоо гэж ОХУ-ын Спортын сайд Михаил Дегтярев мэдэгдэв.

Энэ оны гуравдугаар сард Оросын боксын холбооноос World Boxing-д элсэх хүсэлтээ ирүүлснийг World Boxing-ийн Гүйцэтгэх зөвлөл хэлэлцээд зөвшөөрсөн бөгөөд дөрөвдүгээр сард Оросын боксчид хувиараа нейтрал статустайгаар олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхтэй болсон юм.

“Оросын бокс дэлхийн тавцанд эргэн ирж байна. Бүх насны ангилалд, төрийнхөө далбаан дор, төрийнхөө дууллыг эгшиглүүлэн олон улсын тэмцээнүүдэд оролцохыг World Boxing манай тамирчдад зөвшөөрлөө. Олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах эрхийг Олон улсын Олимпын хорооноос /ОУОХ/ World Boxing-д олгосон учраас тус холбооны шийдвэр онцгой чухал ач холбогдолтой. Оросын боксын холбооны World Boxing дахь бүрэн эрхт гишүүнчлэл нь Олимпын мөчлөг зэрэг хуанлид тусгагдсан бүх тэмцээнд бүрэн хэмжээгээр оролцох боломжийг манай боксчдод олгож байна” гэж сайд бичжээ.

World Boxing бол дэлхийн хэмжээнд боксын спортыг удирдан зохион байгуулах эрхтэй олон улсын байгууллага мөн гэдгийг өнгөрсөн 2025 оны хоёрдугаар сард ОУОХ түр хугацаанд хүлээн зөвшөөрсөн юм. Удалгүй 2028 оны зуны Олимпын хөтөлбөрт боксын спортыг World Boxing-ын ивээл дор оруулах шийдвэрийг ОУОХ-ны чуулганаас гаргасан билээ. Үүний сацуу Олон улсын боксын холбоог /IBA/ олимпын хөдөлгөөнөөс хасахаар шийдвэрлэсэн байна. Учир нь, Олимпын сонгон шалгаруулалт ба Олимпын тэмцээнүүдийг зохион байгуулах тус холбооны эрхийг 2019 онд цуцалсан байна. Мөн санхүүгийн ба менежментийн асуудлуудаа шийдвэрлэж чадаагүй гэж үзжээ.

IBA-гийн тэргүүнээр ОХУ-ын иргэн Умар Кремлев ажилладаг.

Эх сурвалж: ТАСС

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.