ОХУ-ын Иркутск хотод Зүүн Сибирийн төмөр замын газарт Орос, Монгол, Хятадын төмөр замын байгууллагын төлөөлөгчдийн уулзалт болж, Орос-Монгол, Монгол-Хятадын хилийн төмөр замын хамтарсан комиссын ээлжит зөвлөгөөн зохион байгуулагджээ.
Энэ талаар «Московский комсомолец» сонин Зүүн Сибирийн төмөр замын хэвлэлийн албаны мэдээллийг иш татан мэдээлсэн байна.
Уулзалтын үеэр гурван улсын төмөр замын байгууллагын төлөөлөгчид харилцан ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, гадаад худалдааны ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн хэд хэдэн шийдвэр гаргажээ.
Тухайлбал, Наушки–Сүхбаатар хилийн төмөр замын боомтоор нэвтрүүлэх чингэлгийн галт тэрэгний тоог 25 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Зүүн Сибирийн төмөр замын дарга Вадим Владимиров хэлэхдээ, хилийн боомтуудын 2023 оны эхний есөн сарын үйл ажиллагааны дүнгээр олон үзүүлэлтэд эерэг өөрчлөлт гарсан байна.
Түүний мэдээлснээр, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ руу болон эсрэг чиглэлд тээвэрлэсэн гадаад худалдааны ачааны хэмжээ 2022 оны мөн үеийнхээс 42 хувиар өссөн байна.
Вадим Владимиров мөн ийм төрлийн уулзалт, зөвлөгөөнүүдийг тогтмол зохион байгуулах нь Орос–Монгол–Хятадын хил дамнасан тээврийн коридорын үйл ажиллагааг зохион байгуулахад эерэгээр нөлөөлж, зөвхөн төмөр замын салбар төдийгүй ОХУ, БНХАУ, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Дараагийн уулзалтыг 2024 оны эхний улиралд цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уг уулзалтаар хилээр нэвтрэх болон гаалийн бүрдүүлэлтийн үйл явцыг хялбаршуулах зорилгоор дагалдах бичиг баримтыг цахим хэлбэрээр солилцох туршилтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: «Московский комсомолец», Зүүн Сибирийн төмөр замын хэвлэлийн алба.