Зураг дээр: MongolianNews
Монголын эрдэмтэн, судлаачдын баг Япон улсын Киотогийн их сургуульд хадгалагдаж буй 106 боть бүхий ховор, нандин «Ганжуур» судрын гар бичмэлийг цахимжуулах ажлыг бүрэн дуусгажээ.
Уг гар бичмэл дурсгал нь Лигдэн хутагт хааны үеэс уламжлагдан ирсэн түүхтэй бөгөөд монгол бичгийн хэлний хөгжил, буддын шашны түүхийг судлахад шинжлэх ухааны суурь ач холбогдолтой чухал сурвалж юм.
Гар бичмэлийг цахимжуулсан нь: Боржигин Ижэннаш, Бурмаа Момчухал нараар ахлуулсан эрдэмтдийн баг Киотогийн их сургуульд хадгалагдаж буй 106 боть тус ариун судар, номын хуудас бүрийн гэрэл зургийг амжилттай авч баримтжуулжээ.
Түүхэн үнэ цэн: Энэхүү хувилбар нь модон бараар хэвлэсэн уламжлалт хэвлэлүүдээс ялгаатай нь гараар бичсэн эх хувь гэдгээрээ онцлог юм. Энэ нь монгол бичгийн зөв бичих зүй (орфографи) болон хэлний хөгжлийн хувьслыг судлах хамгийн чухал эх сурвалж болно.
Үндсэн орчуулга: «Ганжуур»-ыг төвд хэлнээс монгол бичигт бүрэн хөрвүүлэх ажлыг Лигдэн хутагт хааны зарлигаар 1628–1629 онуудад гүйцэтгэсэн байдаг. Киотогийн их сургуульд буй уг гар бичмэл нь энэхүү эртний өв соёлтой шууд холбогддог байна.
Киотогийн их сургуулийн архивт «Ганжуур»-ын 106 ботиос гадна буддын шашны дараах чухал судар, бүтээлүүд хадгалагдаж байна. Үүнд:
Монгол «Данжуур»-ын 30 боть (Бээжин барын хэвлэл);
Богд Зонховын «Сумбум» (Бумбүм)-ын 7 боть;
Жанжаа хутагтын «Сумбум»-ын 2 боть тус тус багтаж байна.
Эх сурвалж: MongolianNews / Киотогийн их сургуулийн архив