19:47
12.07.2026
Ням
Москва—Улаанбаатар—Бээжингийн галт тэрэг сэргэснээр Орос, Монголын жуулчдын урсгал 30 хүртэлх хувиар өснө

Зураг : freepik

Москва—Улаанбаатар—Бээжин чиглэлийн төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөн эргэн сэргэснээр Орос, Монгол улс хоорондын жуулчдын урсгал хамгийн багадаа 20-30 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ талаар Оросын Аялал жуулчлалын салбарын холбооны (РСТ) Гүйцэтгэх захирал бөгөөд Бүсийн зөвлөлийн дарга Дмитрий Манин мэдэгдсэнийг “ARD” агентлаг уламжлав.

«Бидний тооцоолж буйгаар, тус чиглэлийн галт тэрэг аялалд гарсан эхний улиралд л Орос, Монголын хоорондох зохион байгуулалттай жуулчдын урсгал 20-30 хувиар нэмэгдэх боломжтой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Оросын аялагчдын дунд Монгол орныг зорих эрэлт хэрэгцээ хэд дахин өссөнийг тооцвол энэ нь маш даруухан таамаглал юм» гэж тэрбээр хэллээ.

Төмөр замын энэхүү маршрутыг эргэн сэргээхийг аялал жуулчлалын салбарынхан 2020 оноос хойш хүлээж байгааг шинжээч онцолсон байна. Түүний хэлснээр, Оросын Аялал жуулчлалын салбарын холбоо нь Монголын талын түншүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж байгаа ажээ.

«Бид Монголын “Цайны зам” хөгжлийн сантай хамтран хоёр улсын туроператоруудын цахим уулзалтыг аль хэдийн зохион байгуулсан. Уулзалтаар “Их цайны зам” маршрутыг хөгжүүлэх болон хоёр талын харилцаа, тодорхой аяллын бүтээгдэхүүнүүд, ложистик, түншлэлийн талаар хэлэлцсэн. Тиймээс бизнес эрхлэгчид зүгээр суулгүй, бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн. Бид гурван улс, гурван өөр соёл иргэншил, хэдэн мянган километр үргэлжлэх хосгүй байгалийн тогтоцыг туулах таван өдрийн домогт аяллын тухай ярьж байна. Ийм өвөрмөц аяллын бүтээгдэхүүн зах зээлд өөр хаана ч байхгүй» хэмээн Д.Манин тодотгов.

Тэрбээр төмөр замын харилцаа сэргэсний дараа Улаан-Үд, Байгал нуур, Улаанбаатар болон хөдөө орон нутаг, Говийн бүсээр дайран өнгөрөх, замаасаа бууж аялах боломжтой олон хоногийн аяллууд хамгийн их эрэлттэй болно гэж таамаглаж байна.

«Энэ бол онгоцоор аялснаар хэзээ ч мэдэрч чадахгүй тийм хэлбэр юм. Зөвхөн галт тэрэг л аялагчдад тэрхүү замын гүн гүнзгий мэдрэмж, таашаалыг өгдөг» гэж тэрбээр тайлбарлав.

Үүнээс өмнө Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Вахруковтой уулзахдаа Москва—Улаанбаатар—Бээжин чиглэлийн олон улсын зорчигч тээврийн тогтмол галт тэргийг сэргээх асуудлыг хэлэлцсэн юм. Уг чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг COVID-19 цар тахлын улмаас 2020 онд түр зогсоогоод байсан билээ.

Эх сурвалж:  Оросын Аялал жуулчлалын салбарын холбоо (РСТ)

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.