05:52
09.10.2026
Баасан
Дэлхий эндээс эхэлнэ: The MongolZ шинэ сошиал видеогоо танилцууллаа
08.10.26 15:39

Тэнгэр баганадсан өндөр барилгын дээвэр дээрх нисдэг тэрэгний талбайгаас хотын өнгө төрх бүхэлдээ тодорно. Гэр хороолол өндөр барилгуудаар солигдож, хотын зах дуусах тэр газраас тал нутаг эхэлнэ.

Харин энэ газраас The MongolZ шинэ кампанит ажлынхаа тухай дүрс бичлэгээр Монголыг дэлхийд танилцуулж байна. Монголын телевизийн сувгууд, кино театрууд болон улс даяар байрлах томоохон сурталчилгааны самбаруудаар цацагдаж буй энэхүү видео нэгэн чухал зүйлийг сануулна. Тэр нь та ямар талбарт тоглож, өглөө бүр дэлхийн аль ч улсад сэрж байсан, үндэс угсаа, төрж өссөн нутаг нь үргэлж таньтай хамт байдаг гэдгийг сануулна

The MongolZ баг тэмцээнд оролцохын тулд байнга аялж, нисэх онгоцны буудал болон зочид буудлын хооронд амьдралаа өнгөрөөдөг. Гэхдээ тэдний оролцож буй тоглолт бүр нь Монголын талаар өмнө нь огт сонсож байгаагүй хүмүүст эх орноо танилцуулах бас нэгэн боломж болдог.

The MongolZ энэхүү санаачилгынхаа талаар ийн ярьжээ.

 

 

– Өөрийн үндэс угсаа, төрж өссөн нутгаа санана гэдэг таны хувьд юуг хэлэх вэ?

Энэ бол энгийн зүйлс. Зочид ирэхэд гэртээ ширээгээ хэрхэн засдаг нь. Бэлтгэлийн баазад эргэн тойронд байгаа бүх хүн англиар ярьж байхад бид хоорондоо монголоор ярьдаг нь. Дэлхийн өөр тивд монгол хэл сонсох үедээ бид шууд эргэж хардаг. Үндэс угсаагаа санах нь бидний зориуд хийдэг зүйл биш. Гэхдээ тэр мэдрэмж тоглолт бүрийн үеэр бидэнтэй хамт байдаг.

– The MongolZ-ийн амжилт та бүхнийг дэлхий дахинд Монголын дуу хоолой болгосон гэж мэдэрдэг үү?

Бид үүнийг хариуцлага гэж мэдэрдэг. Монгол Улс, олон улсын түншүүд маань, мөн найз нөхөд маань биднийг дэмждэг. Үүнийг дагаад дэлхий нийт биднийг харж байгааг ойлгодог болсон. Бид эх орныхоо дуу хоолой болно гэж зориогүй. Гэхдээ нэгэнт бид энд хүрсэн бол Монголыг нэр төртэй төлөөлөхийг хүсдэг.

– Өнөөдөр дэлхий Монголыг The MongolZ-оор дамжуулан хэрхэн харж байна гэж боддог вэ?

Орчин үеийн, эрч хүчтэй улс гэж. Олон хүн Монголыг одоо ч тал нутаг, морь, гэрээр төсөөлдөг. Энэ бүхэн Монголын нэг хэсэг бөгөөд бид үүгээрээ бахархдаг. Гэхдээ бидэнд амьдрал нь хурдацтай өрнөдөг томоохон хотууд, дэлхийн хамгийн өндөр түвшинд өрсөлдөж буй залуус ч бий. Бид дэлхий нийтэд орчин үеийн Монголын энэ хоёр талыг хоёуланг нь харуулахыг хүсдэг.

 

 

-Яагаад үндэс угсаа, төрж өссөн нутгаа эргэн сануулахыг хүссэн бэ?

Бид бараг үргэлж замд амьдардаг. Тэмцээн, нислэг, дараагийн тэмцээн гээд л. Тиймээс түр зогсож, эх орондоо эргэн ирээд хаана өсөж торнисоноо дэлхийд харуулахыг хүссэн. Энэ нь бид өөрсдөдөө болон хөгжөөн дэмжигчдэдээ бүх зүйл хаанаас эхэлснийг сануулах нэг арга байсан.

– “Гэр” гэсэн таны ойлголт сүүлийн үед өөрчлөгдсөн үү?

Тийм ээ. Урьд нь гэр гэдэг тодорхой нэг газар, бидний гэр орон, хашаа, хот байсан. Харин одоо бид жилийн ихэнх хугацаанд аялж явдаг болсон учраас бидний хувьд гэр гэдэг нь багийнхан маань хамт байгаа тэр л газар юм. Удаан хугацааны аяллын дараа эх орондоо, гэртээ буцаж ирэхийн үнэ цэнийг бүр ч илүү мэдэрдэг.

– The MongolZ-ийн зан чанарт урагшлахад нь түлхэц өгдөг, монголчуудад онцгой шинж бий юу?

Тэсвэр хатуужил. Бид эрс тэс уур амьсгал, асар уудам зайд дассан хүмүүс шүү дээ (инээмсэглэв). Тиймээс аливаа зүйл хүнд хэцүү болсон үед хэрхэн тэвчээртэй хүлээж, бууж өгөхгүй байхыг бид мэдддэг.

-The MongolZ Монголын залуу үеийнхэнд юу үлгэрлэхийг хүсдэг вэ?

The MongolZ өөрийнхөөрөө байхын зэрэгцээ хэн ч дэлхийн тавцанд гарч чадна гэдгийг харуулахыг хүсдэг. Хэрэв залуус биднээс урам зориг авч, мөрөөдөлдөө итгэж эхэлж байвал бид зөв зүйл хийж байна гэсэн үг.

-Энэхүү кампанит ажил “THE WORLD STARTS HERE” буюу “ДЭЛХИЙ ЭНДЭЭС ЭХЭЛНЭ” нэртэй. Таны хувьд дэлхий хаанаас эхэлдэг вэ?

Монголд. Бид анх энд тоглож байсан. Анхны хөгжөөн дэмжигчид маань эндээс биднийг дэмжиж байсан. Мөн анхны тэмцээн рүүгээ эндээс хөдөлж байлаа. Дараа нь болсон бүх зүйл эндээс эх үндэстэй. Тиймээс бидний хувьд дэлхий эндээс, гэрээс эхэлдэг.

Эх сурвалж: Zindaa.mn 
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.