18:17
22.06.2026
Даваа
Болгар улс Оросын эсрэг авах шинэ хориг арга хэмжээнд хориг тавина гэв
20.06.26 21:56

Болгар улс Оросын эсрэг авах Европын Холбооны (ЕХ) шинэ багц хориг арга хэмжээнд хориг тавина гэж тус улсын Ерөнхий сайд Румен Радев пүрэв гарагт мэдэгджээ.

Шинээр авах арга хэмжээнүүд Болгарын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж тэрбээр үзэж байгаа аж. Ийм шийдвэр гаргасны өөр нэгэн шалтгаан нь Оросын үнэн алдартны сүмийн тэргүүн, Москва ба Бүх Оросын тэргүүн хамба Кириллийг (Владимир Гундяев) хоригийн жагсаалтад оруулах саналтай санал нийлэхгүй байгаатай холбоотой гэжээ.

Брюссель хотноо өчигдөр болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын өмнө Р.Радев сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Лукойл” компанийн үйл ажиллагаанд маш том эрсдэл үүсэж байна. Бид энэ компанийг хоригийн жагсаалтаас хасуулахыг хүсэж байна” хэмээн хэлжээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, “Лукойл” нь Болгарт автомашины түлш жижиглэн худалдаалагч хамгийн том компаниудын нэг бөгөөд Бургас хот дахь тус улсын цорын ганц нефть боловсруулах үйлдвэрийг эзэмшдэг.

Үүнээс гадна, Р.Радев Софи хотын метроны сэлбэг хэрэгсэл болон бордооны нийлүүлэлт тасалдах вий гэхээс болгоомжилж байгаа аж. Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ “Эдгээр бүх асуудлыг ЕХ-ны шийдвэр гаргах түвшний байгууллагуудын хүрээнд авч хэлэлцэх ёстой. Энэ хориг арга хэмжээнүүд одоогоор дайныг яг яаж зогсоосон бэ? Энх тайван тогтооход яг хэрхэн тусалсан бэ?” гэсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр түүний засгийн газар “Украиныг ЕХ-нд гишүүнээр элсүүлэх тухай хэлэлцээний үйл явцыг дэмжинэ” гэдгийг мэдэгджээ.

Оросын эсрэг авах хоригийн хугацааг анх удаа нэг жилээр сунгахаар тохиролцжээ

Тус холбооны гишүүн орнууд пүрэв гаргийн орой Брюссель хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Украины эсрэг түрэмгий дайн өдүүлсэнтэй нь холбогдуулан ОХУ-д авсан хориг арга хэмжээнүүдийг уламжлал ёсоор хагас жилээр биш, харин шууд нэг жилээр сунгахаар анх удаа зөвшилцөлд хүрсэн тухай Европын Зөвлөлийн дарга Антониу Коштагийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Холбогдох хуулийн төслийг ЕХ-ны Зөвлөл ойрын долоо хоногуудад албан ёсоор батлах төлөвтэй байна.

Хориг арга хэмжээний үйлчлэх хугацааг ийнхүү уртасгах шийдвэрт хүрч чадсан нь Унгар улс хориг тавиагүйтэй холбоотой. Тус улсын Ерөнхий сайдаар 1998-2002 онд, дараа нь 2010-2026 онуудад ажиллаж байсан Виктор Орбан энэхүү шийдвэрт хориг тавьсаар ирсэн билээ. Харин өнгөрсөн тавдугаар сард үүрэгт ажилдаа орсон Унгарын шинэ Ерөнхий сайд Петер Мадьяр хоригийн хугацааг сунгах шийдвэрийг дэмжсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.