02:25
03.06.2026
Лхагва
ЕАЭБ болон Монгол Улсын хоорондын Түр худалдааны хэлэлцээр 7 дугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлнэ
Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ) болон Монгол Улсын хооронд тарифын хөнгөлөлт үзүүлэх Түр худалдааны хэлэлцээр ирэх 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Энэ талаар Евразийн эдийн засгийн комиссын (ЕЭК) хэвлэлийн албанаас иш татан “Российская газета” сонин мэдээллээ.
Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд Андрей Слепнев болон Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар (Эх сурвалжид: Жадамба Энхбаяр) нар ЕАЭБ болон Монгол Улс хоорондын түр худалдааны хэлэлцээр 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.
Хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дотоодын бүх процедуруудыг ЕАЭБ болон Монголын тал бүрэн дуусгажээ. Мөн хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд талууд төлөвлөгөө боловсруулан, ажлаа хэдийнэ эхлүүлсэн байна.
ЕЭК-ийн хэвлэлийн албаны мэдээлснээр А.Слепнев “Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хамтын ажиллагааны хөгжлийн шинэ шат эхэлж байна. Бидний өмнө нээгдэж буй боломжуудыг дээд зэргээр ашиглах нь чухал” хэмээн онцолжээ.
ЕАЭБ болон Монгол Улсын хоорондын Түр худалдааны хэлэлцээрийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Минск хотноо үзэглэсэн юм. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр талын худалдааны 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх эсвэл бууруулахаар тусгажээ.
Уг хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулсан бөгөөд цаашид дахин гурван жилээр автоматаар сунгах боломжтой. Мөн эхний гурван жилийн хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор талууд худалдааны журмыг улам хялбарчлах, бараг бүх төрлийн бараа бүтээгдэхүүний татвар болон бусад хязгаарлалтыг цуцлах зорилгоор баримт бичгийг эргэн харах ажиллагааг эхлүүлэх юм байна.
Эх сурвалж: «Российская газета» сонин
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.