21:15
14.05.2026
Пүрэв
Дональд Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийж байна
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хүлээн авч, албан ёсны угтах ёслол Бээжин хотын Тяньаньмэний талбайн дэргэдэх Ардын их хурлын ордны Зүүн хаалганы өмнө боллоо.
Уг ёслолын арга хэмжээ нь БНХАУ-д төрийн айлчлал хийж буй гадаад улсын төр, засгийн тэргүүн нарыг хүлээн авах дипломат ёслолын салшгүй хэсэг бөгөөд Бээжингийн зүгээс үзүүлж буй хүндэтгэл, найрсаг харилцааны илэрхийлэл юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн цуваа Бээжин хотын төв Чанъаньцзе гудамжаар явж, Тяньаньмэний талбайд ирэхэд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин түүнийг биечлэн угтан авлаа. Хоёр улсын удирдагчид инээмсэглэн гар барьж, мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ёслолын үеэр Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын төр, засгийн удирдлагуудтай, харин БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй тус тус гар барьж мэндчиллээ. Цэргийн үлээвэр найрал хөгжим хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлж, хүндэт харуулын цэргүүд жагсан ёсолсон байна.
Хоёр улсын удирдагчид Хятадын Ардын чөлөөлөх армийн хүндэт харуулын өмнүүр алхаж, ёслол үйлдэх үеэр хоёр улсын төрийн далбааг барьсан хүүхдүүд тэднийг найрсагаар угтан авлаа.
Эх сурвалж: ТАСС / AP
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.